Филиппин улсын Манила хотод болсон FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөллөө. FIBA 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс Сербийн хүчирхэг баг түрүүлж, Нидерланд, Словени мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
А.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон Монгол Улсын баг “С” хэсэгт ОХУ, Филиппин, Бразилыг хожиж, Канадад хожигдон хэсгээсээ шалгарч шилдэг наймд үлдсэн юм. Харин цааш өрсөлдөх эрхийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багтай тоглосон ч ялагдал хүлээсэн. Гэхдээ Монгол Улсын баг ганцаараа Ази тивийг төлөөлөн шилдэг наймд үлдсэн нь бахдам, бас түүхэн амжилтын нэг байлаа.
“Токио 2020” олимпийн наадмын төрөлд багтсан 3х3 сагсан бөмбөгийн энэ төрлөөр монголчууд хүчтэй өрсөлдөгч болсноо Филиппинд харууллаа. Мөн дэлхийн хэвлэл мэдээлэл ч монголчуудын тоглолтыг онцлон хүргэж байсан юм.
А.Тулга дасгалжуулагчтай Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын баг тамирчид энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирнэ.
ДҮН: /FIBA 3×3 ДАШТ/
- Монгол – Канад – 15:21
- Филиппин –Монгол 17:21
- Монгол – ОХУ 21:18
- Бразил – Монгол 16:19
ШӨВГИЙН НАЙМ:
- Серб (1) – Монгол (11) – 21:8