Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ой, монгол боксчин олимпийн наадмаас анх удаа медаль хүртсэний 30 жилийн ой, анх удаа олимпийн аварга боксчинтой болсны түүхт 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тодруулбал, 1988 оны Сөүлийн олимпоос Н.Энхбат хүрэл медаль, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас Э.Бадар-Ууган алтан медаль авч байсан юм.
Монгол түмнээ Бээжингийн наадамд баярлуулсан Э.Бадар-Ууган Асашорюү Д.Дагвадоржид хүндэтгэл үзүүлжээ. Түүнийг бага байхад Асашорюү дэмжиж байсан байна. Тиймээс олимпийн наадмаас алтан медаль хүртсэн 10 жилийн ой тохиож буй энэ үед өөрт нь тусалж байсан сүмогийн их аварга Асашорюү Д.Дагвадоржид талархаж байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Олимпийн аварга Э.Бадар-Ууган өдгөө Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Энэ жил спортын үйл явдал олимп, Азийн наадмууд гээд томоохон уралдаан тэмцээн бий.
Э.Бадар-Ууган өнгөрөгч хоёрдугаар сард “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд ажилласан бол хоёр сарын дараа түүнийг Индонезид болох Азийн наадам хүлээж байна.
Олимпийн аварга маань 2006 онд Катарын Дохад хотод болсон Азийн XV наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм. Энэхүү наадмын дараа буюу хоёр жилийн дараа Бээжингийн олимпийн наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирсан билээ.
Ч.ШАРХҮҮ