Дорнодын маршрут хэмээн нэрлэгдэх Сибирийн хоолойн эрчим хүчний төсөл нь БНХАУ-ОХУ хооронд байгуулсан томоохон төслүүдийн нэг юм. Тэгвэл ОХУ-аас БНХАУ-ыг дамжсан дэлхийн хамгийн урт байгалийн хий дамжуулах хоолойн ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Оросын эрчим хүчний аварга Газпромын мэдээлснээр Якут дахь Чаяндинское нүүрстөрөгчийн хийн талбайгаас Хятад улсын хил рүү холбогдсон төслийн ажлыг гүйцэтгэж дууссан байна. Мөн Амур мөрнөөс ус дамжуулах шугам хоолойн хоёр дахь түнелийг барьж байгуулах ажил ч дуусчээ.
Москвагаас Лондон хүрэх замаас ч урт гурван мянган км үргэлжлэх хийн хоолойн байгууламжийг 2019 оны сүүлээр ашиглалтад оруулахаар байгаа. Дорнодын маршрутаар хий дамжуулах асуудал олон жил яригдсаны эцэст өнгөрсөн оны долоодугаар сард Газпром, Хятадын үндэсний газрын тос, нефт импортын корпораци тохиролцоонд хүрсэн билээ.
Талууд 2014 оны тавдугаар сард 38 тэрбум куб метр байгалийн хийг Оросоос Хятад руу дамжуулах 30 жилийн хугацаатай 400 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Түүнээс хойш Газпромын зүгээс 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил дахин 3.47 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр ОХУ байгалийн хийгээр цангасан БНХАУ-ын гол ханган нийлүүлэгч болно гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Москва-Бээжингийн тал дахин 30 тэрбум куб метр байгалын хий дамжуулах Сибирийн эрчим хүчний хоёр дахь төслөө эхлүүлэхэд бэлэн болжээ.
Эх сурвалж: RT