О.Баасанхүү: Бүлэгтэй нам лобби бүлэг байгуулдгаа болих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Бүлэгтэй нам лобби бүлэг байгуулдгаа болих хэрэгтэй

О.Баасанхүү: Бүлэгтэй нам лобби бүлэг байгуулдгаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчлэхэд чиглэгдсэн байна. Хуульд оруулж буй гол өөрчлөлтүүдээс дурдвал, “Бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд ‘төгөлдөр хуурддаг’ гажуудлыг засах заалт оруулах, хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх зэрэг хэд хэдэн өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хуулийн төсөлтэй танилцахад хэлэлцэх асуудлаас өөр асуудлаар гишүүн байр сууриа илэрхийлбэл сануулна, хөөж гаргана зэрэг заалт орсон байсан. Бүлэгтэй намын хувьд өөр л дөө. Бүлэггүй нам хэцүү шүү дээ. Эрх баригч намын гишүүд тав таван минутаар үг хэллээ гэхэд өдөржингөө ярина. Бидний хувьд сөрөг хүчин. Дотроо сөрөг хүчний цөөнх учраас алдаа дутагдлыг нь гаргаж өгөх гээд явж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс хэлэлцэж байгаа асуудал гэдгийг яг юу гэж үзэх вэ. Энэ нь энгийнээс өргөн хүрээг хамардаг. Мөн ирцийг 39-өөс дээш бүрдүүлэх гэдгийг үүрэгжүүлж тусгасан уу. Цөөнх доторх цөөнхийн гишүүнд маш олон ажил амжуулах шаардлага гардаг. Нэг гишүүн гурван байнгын хороонд зэрэг орох боломжгүй. Олуулаа нам бол ирцээ бүрдүүлээд л явна. Бусдын өмнөөс кноп дардаг асуудлыг яаж болиулж байгаа вэ. Би энэ талаар бүтэн хоёр жил ярилаа. Цөөнх бол байхгүй гишүүдийн кнопт тулгуурлаж зарим тохиолдолд өөрийнхөө гаргаж байгаа саналыг шийддэг. Мөн бүлэгтэй нам лобби бүлэг байгуулдгаа болих хэрэгтэй. Цаашлаад чуулганд согтуу орж ирдэг нөхдүүдэд сануулах биш хуралдааны танхимаас гаргадаг болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Дэгийн тухай хуулиар гишүүдийн хариуцлагыг сайжруулах, бусдын өмнөөс кноп дардаг үйлдлийг таслан зогсоох зохицуулалтыг тусгасан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд орж ажиллах багийг өргөн бүрэлдэхүүнээр байгуулах хэрэгтэй. Гишүүдийг хариуцлагажуулах асуудлыг ярьж байгаа нь мэдээж сайшаалтай. Гэхдээ Үндсэн хуулиас гажих вий. Манай улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглалын тогтвортой байдал, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд л асуудлыг авч үзнэ үү гэхээс биш гишүүдийн бүрэн эрхэд хэт халдсан заалт болох вий гэдэг болгоомжлол төрж байна.

УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид тодотголоо. Үүний дараа тус хуулийн төслийг хэлэлцэхийг олонхын саналаар дэмжсэн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж