Тэмцээний дараа оролцогч орнуудын төлөөлөгчид, шүүгчид, албаны хүмүүсийн хамтаар дурсгалын зураг татуулав
Зүүн Азийн Жүдогийн холбооны Ерөнхийлөгч, Тайванийн иргэн Лү Вэй Жэнь 30 гаруй тамирчдын бүрэлдэхүүнтэй өөрийн орны багийг ахлан зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон Зүүн Азийн Жүдогийн аварга шалгаруулах тэмцээн-2018-д оролцсон ба Тайванийн баг, тамирчид нийт 11 медаль хүртлээ. Тайванийн баг тамирчид нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн ба эрэгтэй баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртэн, өндөр амжилт гаргаж, Монголын жүдогийн мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ хүртэв.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Жүдо бөх амжилт ялалтад тэмүүлэхээс илүүтэйгээр ёс зүйн өндөр зарчимтай, сэтгэлийн хатуужил, бие биеэ хүлээн зөвшөөрөх, ойлголцох, харилцан хүндлэл, бие хүний зохист төлөвшлийг амин чухалд авч үздэг найрсаг спортын төрөл юм. Энэ удаагийн тэмцээн нь Зүүн Азийн улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой төдийгүй Өмнөд Солонгос ба Хойд Солонгосын баг тамирчид нэгэн баг болж хамтаар оролцож буйгаар онцлогтой ба оролцогчдод ялалт байгуулах илүү өргөн боломж байгаа гэдэгт найдаж байна” хэмээлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсний дараа Зүүн Азийн Жүдогийн холбооны Ерөнхийлөгч Лү Вэй Жэнь хэлсэн үгэндээ “Аливаа тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулах нь сайн зохион байгуулагчтай салшгүй холбоотой. Монголын Жүдо бөхийн холбооныхон ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон улсын стандартыг хангасан, үлгэр дууриал болохуйц тэмцээн зохион байгуулсан явдалд гүнээ талархаж байна” хэмээв. Тэмцээний үеэр Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн Хуан Куо Рун өөрийн орны баг тамирчдаа дэмжихээр ирж, “Жүдо бол Монголын үндэсний хэмжээний спортын төрөл гэхэд хилсдэхгүй. Монголын Жүдо бөхийн холбооны зүгээс Тайванийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, туршлага солилцсон явдалд талархал илэрхийлье” хэмээв.
Энэ оны Зүүн Азийн Жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд Зүүн Азийн улс орнуудын Засгийн газраас өндөр ач холбогдол өгсөн төдийгүй Хойд болон Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Хонконг Хятадын нийт 200 гаруй тамирчин, дасгалжуулагч нар оролцсон болно.
Тайванийн тамирчин Ян Юн Вэй эрэгтэйчүүдийн 60 килограммын жинд алтан медаль хүртэв. /Индрийн зүүн талаас хоёр дахь тамирчин/. Зүүн Азийн Жүдогийн холбооны Ерөнхийлөгч Лү Вэй Жэнь медаль гардуулав. /Индрийн дэргэд хамгийн ойр зогсож буй/
А.ТУЛГА