Анхаар, дараах газруудад авто зам хаалттай

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Анхаар, дараах газруудад авто зам хаалттай

Анхаар, дараах газруудад авто зам хаалттай

Шинээр зам, гүүр барих, дулааны шугамуудыг шинэчлэн засах зэрэг ажлуудтай холбогдуулж, авто замуудыг тодорхой хугацаанд хааж, хөдөлгөөнийг хязгаарладаг. Одоогоор Улаанбаатар хотын аль хэсэгт авто замууд хаалттай байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Олимпийн гудамжны авто зам хаалттай

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барьж байгаатай холбогдуулан энэ сарын 11-нд Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хаажээ. Иймээс дээрх чиглэлийн авто машинуудын хөдөлгөөнийг түр гүүрээр дамжуулж, зохицуулж буй юм байна. Түр гүүр нь Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам, Нарны зам, Юнескогийн гудамж (Шангрилагийн зүүн урд уулзвараас зүүн тийш 13-р хорооллын дунд зам), Авто замчдын гудамж (103-аас урагш “Улаанбаатар Буян” компанийн зүүн талаар гарах зам), Элчингийн гудамж (Шангрилагийн зүүн хойд уулзвараас зүүн тийш), мөн Сэлбэ гол дээгүүр 13-р хороолол руу гарахаар зохицуулагдсан аж. 

Яармагийн гүүр хаалттай

Шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 15-аас Чингисийн өргөн чөлөөнөөс Яармагийн гүүр хүртэлх замын хойд урсгалын 570 метр газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Хязгаарлалт ирэх долдугаар сарын 15-н хүртэл үргэлжлэх аж. Иймээс авто машинуудыг урд урсгалаар нь сөрөг хөдөлгөөнөөр хөдөлгөөнд оролцуулж зохицуулалт хийж байна.

Баянгол дүүрэгт байгалийн чулуун зам тавьж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны цогцолбор байрны баруун талын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн тавдугаар сараас нэг сарын хугацаатай хаажээ.  

Энд 0.3 км замыг чулуун болгож, барьж буй аж. Нийслэлийн замын сангаас хөрөнгө гаргаж барьж байгаа тус замын ажил дуусах шатандаа орсон бөгөөд зургадугаар сарын 28-нд авто замын хөдөлгөөнийг нээнэ.

Их тойруугийн хөдөлгөөний ачаалал буурна

Их тойруугийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Гадна тойруугийн 4-р хэсэг, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд шинээр 3 км авто зам барьжээ. Авто замын суурь хучилтын ажил дуусаж, өнгө хучилтыг хийж эхэлсэн байна. Шинэ замыг энэ сарын 15-нд багтаан ашиглалтад оруулах аж. 

ЗОХИОМЛООР ТҮГЖРЭЛ ҮҮСГЭХ БОЛЖЭЭ

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барьж байгаатай холбоотой  тус хэсгийн авто машины хөдөлгөөнийг зохицуулахын тулд таван байршилд түр зам барьж ашиглалтад оруулсан. Гэвч дээрх түр замын нэгдүгээр эгнээнд автомашинууд зогсож, зохиомлоор түгжрэл бий болгох болсон нь иргэдийг ихээр бухимдуулах болжээ. Иймээс хөдөлгөөнд оролцох үедээ нэгдүгээр эгнээнд авто машинаа байршуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. 

Түр замуудын тухай мэдээллийг зургаар багцлан хүргэе. 

1. Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр зам 

2. Махатма Гандигийн гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53 км түр зам

3. Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32 км түр зам

4. Хүннүгийн гудамж – Саруул хотхон – Соёолжийн гүүр 0.32 км авто зам

5. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох түр гүүр, холбоос зам

Г.ХОРОЛ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж