Хотын төвд цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Хүрээлэн ч гэлтгүй цэцэг навч, мод бутаар орчноо чимсэн газар мөн л бага билээ. Хотын төвдөө хэдхэн байдаг цэцэрлэгийн нэг нь төрийн ордны ар талд байх цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2000-аад оны дунд хүртэл хүүхэд багачууд тоглож, хөгшид салхилж, залуу хосууд болздог газар байв. Гэтэл иргэний нийгмийнхэн жагсаал цуглаан хийж, Төрийн ордон руу довтлогчдын балгаар Төрийн ордныг тойруулан хашаа босгосон байдаг. Энэ хашаанд уг цэцэрлэгт хүрээлэн орж, үүнээс хойш иргэдээс тусгаарлагдсан. Баруун зүүн хойд хоёр талд нь хаалга байх боловч хаалгыг хааж, томоос том цоож зүүлттэй байх болсон. Хүмүүсийн хөл татарснаас хойш цэцэрлэгт хүрээлэн ч хүнгүй, гандуухан харагдаж, Тамгат хөшөө эзэнгүйрч харагдана.
2013 онд ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээх шийдвэрийг гаргаж, тухайн жилийнхээ зуны саруудад уг цэцэрлэгт хүрээлэн олонд нээлтэй байсан. Гэтэл “Гал үндэстэн” холбооныхон жагсаал хийж, уг цэцэрлэгт хүрээлэнд буу барьж нэвтэрснээс болж, ордны арын цэцэрлэг дахин хаагдсан байдаг. Үүнээс хойш таван жилийн хугацаанд нээгдсэнгүй. Иргэний нийгмийнхний жагсаал цуглаан хийх бүрт эгэл иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хөл хумигдах болсон нь харамсалтай. Баруун зүүн жигүүрээ цоожтой хаалгаар хамгаалуулсан эрх мэдэлтнүүдэд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зав байдаггүй болохоор үүнийг анзаардаггүй байх.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн ард хашааны гадна зорчиж байсан зарим иргэдээс ‘Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгохыг та дэмжих үү’ гэсэн асуултад хариулт авч, энэ талаарх сэтгэгдлийг нь сонссон юм.
Иргэн Б. Батнаст:
-Урд нь нээлтэй, чөлөөтэй байхад гоё байдаг байсан. Одоо төрийн хамгаалалт гээд жирийн иргэд оруулахаа байсан юм байлгүй дээ. Одоо нээлттэй болгуул их зүгээр юм. АНУ-ийн ерөнхийлөгчийн цагаан ордон гэхэд иргэддээ нээлттэй. Тэнд байгаа цэцэрлэгт хүрээлэнд иргэд нь чөлөөтэй зорчдог юм билээ. Манайх эсрэгээрээ байх юм.
Өндөр настан С. Балжинням:
-Энэ талбайг засаад сандал сүүдрэвчтэй болгоод иргэддээ чөлөөтэй болгох хэрэгтэй. Энэ талбайг бүрэн ашиглах хэрэгтэй. Хүнгүй, цоожтой байлгаж байхаар ядаж зуны цагт нээлтэй байлгамаар л байна.
Оюутан Б.Анхзаяа:
-Энэ цэцэрлэг Төрийн ордны цэцэрлэг биш ээ, харин монголын ард түмний, түүний дотор Улаанбаатар хотын иргэдийн цэцэрлэг шүү. Өрөөнөөсөө гардаггүй төрийн ордныхонд энэ ордны цэцэрлэг хэрэггүй. Үргэлж нээлттэй байх ёстой. Ингэж ард түмнийг дээрэмдэж болохгүй.
Иргэн Ө. Өлзийсайхан:
-Нээвэл зүгээр байх. Залуу хүмүүс бид нар энд зугаалаад найз нартайгаа сууж байвал зүгээр юм болов уу.
Анх 1950-аад онд төрийн ордон ашиглалтад орохтой зэрэгцээд энэ цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан. Бидний эцэг өвгөдийн тарьж ургуулсан мод бутыг одоогийн төрийн толгойд гарсан нөхдүүд биднээс харамлах нь зүйд нийцэхгүй үйлдэл гэж олон иргэд үзэж байна. Тиймээс Төрийн ордны түшээдээ түмэн олондоо арын цэцэрлэгээ нээж өгөөч.
Холбоотой мэдээ