Засгийн газраас 2018 онд хувьчлах байгууллагынхаа жагсаалтыг зарласан. Уг жагсаалтад МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахаар жагсаасан байгаа. Өмч хувьчлалын талаар намуудын байр суурийг хүргэе.
Д.Эрдэнэбат
УИХ-ын гишүүн
Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлах асуудал орж ирсэн. Гэхдээ Хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй Засгийн газраас санамж бичиг өгсний дагуу гэрээ байгуулсан. Энэ гэрээний дүгнэлтийг байнгын хороо хэлэлцсэний дараа хувьчлах талаар ярих ёстой. Төрийн банктай холбоотой асуудлыг Сангийн яамны саналаар гэж оруулж ирсэн. Төрийн банк дээр олон асуудал бий. Өнөөдөр ямар үндэслэлээр хувьчлах гээд байгаа нь ойлгомжгүй байна. 220 тэрбумын өөрийн хөрөнгөтэй, бүх суманд сүлжээтэй банкийг 70 тэрбумаар хувьчлах гэж байгаа нь сонин байна. Мөн АЗЗА-г хувьчлах асуудлаар хоёр өөр байр суурь орж ирлээ. Зам тээвэр, хөгжлийн яам үе шаттай хувьчлах санал оруулж ирсэн нь зөв байсан. Гэтэл Засгийн газар шууд 100 хувь хувьчлах ёстой гэж оруулж ирлээ. МИАТ-ийн хувьчлал ч мөн санаа зовоож байна. Нислэгийн монополь эрх, иргэдийг хохироож байгаа өндөр үнийн тарифыг болиулах уу гэдэгт шийдэл алга.
Г.Занданшатар
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Төрийн банк, МИАТ-ийг олон нийтэд нээлттэйгээр тодорхой хувийг нь хувьчилна. Стратегийн гадны хөрөнгө оруулагч орж ирвэл тодорхой хувийг нь хувьчилна. Ингэснээр Монголд зээлийн хүүг бууруулах, зээлийн хангамж нэмэгдэнэ. Тиймээс тодорхой хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчид, үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй худалдана. Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина. Энэ нь олон нийтэд нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгоно гэсэн үг юм.