Трампыг залгамжлагчид уулзалтыг хүлээн зөвшөөрөх эсэх нь асуудал

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Трампыг залгамжлагчид уулзалтыг хүлээн зөвшөөрөх эсэх нь асуудал

Трампыг залгамжлагчид уулзалтыг хүлээн зөвшөөрөх эсэх нь асуудал

“NEWS“ агентлагийн сэтгүүлч Э.Уранцэцэг албан ёсны эрхтэйгээр Сингапураас мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалтын талаарх албан ёсны сурвалжлагыг www.news.mn сайтаас уншина уу.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапур улсын Сентоза арлын Капелла зочид буудалд зургадугаар сарын 12-нд болж өндөрлөлөө. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ уулзалтаар хоёр тал ганцаарчилсан уулзалтыг анх удаа хийж, тохиролцоонд хүрч, улмаар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар өндөрлөв.

Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн 14 орны 3000 гаруй сэтгүүлчид сурвалжлав. Үүний дотор News агентлаг анх удаа албан ёсны сурвалжлах эрхтэйгээр Сингапур улсад байрласан олон улсын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэлээ.

Энэ нь монгол сэтгүүлчид ч гэсэн дэлхийн үйл явдлыг бие даан сурвалжлах, дэлхийн хэвлэлтэй эн зэрэгцээд явах боломж бололцоо бий гэдгийг харуулж чадсан болов уу.

Сингапур улс Трамп Кимийн уулзалтын зохион байгуулалтад 20 сая ам.долларыг зарцуулсан тухай Ерөнхий сайд нь мэдээлэв. Үүнээс гадна, гаднын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын замаа зургадугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд хаасан. Энэ үеэр 300 гаруй сайн дурын ажилтан, 5000 цагдаагийн байгууллагын ажилтнууд дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтад орж ажиллалаа. Сингапурын Сентоза арал бол тус улсын хамгийн том оффшор арал гэгддэг бөгөөд 1974 оноос хөгжүүлж эхэлжээ. Сентоза арал нь өмнө нь далайн дээрэмчдийн түшиц газар байсан бол өнөөдөр чинээлэг хүмүүсийн амралт, зугаалгын газар гэгддэгээрээ дэлхийд алдартай болжээ.

Трамп, Ким нар Сингапурт зургадугаар сарын 10-нд хүрэлцэн ирсэн бөгөөд түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хоёр талын гар барилт зургадугаар сарын 12-ны 09.04 минутад тохиосон юм.

Тэд түүхэндээ анх удаа ганцаарчилсан болон өргөтгөсөн хуралдаанд орж, улмаар үдийн зоог хамтдаа барилаа. Энэ үеэр Трамп Ким Жон Уныг зоогийн ширээний ард суухыг эхэлж урьсан нь яг л үдийн зоогийн эзэн мэт дүрд тоглоод авсан гэдгийг ажиглагчид ярьж байлаа. Үүний дараагаар Трамп, Ким нар Капелла зочид буудлын ойр орчимд хамтдаа зугаалсан юм. Энэ үеэр Трамп Ким Жон Унд “The Beast” хэмээх нэртэй алдартай лимузинээ “гайхуулжээ”.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол үр дүнгийн нэг байлаа. Үүнээс гадна, талууд 1950-1953 онд болсон Солонгосын дайны үеэр амиа алдсан, сураггүй алга болсон АНУ-ын цэргүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон юм.

Хэлэлцээ цаашид зөв чиглэлдээ өрнөх юм бол АНУ Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа түр зогсооно гэдгээ Трамп амлав. Ингэснээр маш их мөнгө хэмнэх боломжтой гэв. Харин хэлэлцээ цаашдаа тийм ч сайнгүй байвал цэргийн сургуулилт үргэлжилсэн хэвээр байх болно гэжээ.

Түүнчлэн Трамп Хойд Солонгост тавьсан АНУ-ын 300 гаруй хориг одоо ч гэсэн хүчин төгөлдөр байгаа гэдгийг тодотгосон. Хойд Солонгос амлалтаа биелүүлж, цөмийн зэвсгээс бүрэн татгалзсан цагт дээрх хоригийг цуцална гэжээ. Энэ тухайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтын талбайг идэвхгүй болгосон зэрэг асуудлыг шалгах ёстой” гэж өөрийн байр сууриа дээд хэмжээний уулзалтын өмнөхөн илэрхийлсэн билээ.

Талууд дээд хэмжээний уулзалтын үр дүнг эерэг хэмээн дүгнэв. Ким Жон Ун энэ уулзалтыг “түүхэн” хэмээн тодотгосон юм. Тэрбээр, “Бид түүхэн уулзалтыг хийж чадлаа. Өнгөрснийг ардаа орхиод урагшлах цаг нь болсон. Дэлхийн ертөнц энэ цаг мөчөөс эхлэн том өөрчлөлтийг харах болно” гэжээ.

Харин Дональд Трамп түүхийн шинэ хуудсыг нээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Трамп, Кимийн түүхэн дээд хэмжээний уулзалт нь өөрчлөлтийг хийж болдог гэдгийг харуулсан үйл явдал боллоо гэж олон улсын сэтгүүлчид ярьж байлаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр Трамп Кимийг Цагаан ордонд урьж, өөрөө ч гэсэн Пеньянд хэзээ нэгэн цагт айлчлахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Дэлхий дахинд хүлээлт үүсгэсэн Трамп-Кимийн уулзалт амжилттай болсонд дэлхийн удирдагчид баяр хүргэсэн юм. Тухайлбал, энэ уулзалт хэрхэн өндөрлөхийг шөнөжин унталгүй хүлээсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин түүхэн уулзалтыг ‘Гурван улсын аугаа ялалт’ хэмээн тодотгов. Харин БНХАУ-ын зүгээс түүхийн шинэ хуудас нээгдэж байна гэв. Мөн Японы Ерөнхий Сайд Шинзо Абе түүхэн уулзалт Япон улсын санааг зовоосон асуудлыг шийдэж байгаад талархал илэрхийлсэн. Мөн ОХУ-ын зүгээс Трампын Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа зогсооно гэсэн мэдэгдлийг нь өндрөөр үнэлэв.

Гэхдээ АНУ, Хойд Солонгос ингээд шууд эвлэрчихгүй. Асуудал хаашаа ч эргэж болно. Хамаг учир нь АНУ-д бий гэдгийг судлаачид ярьж эхэллээ. Тодруулбал, АНУ-ын нэг ерөнхийлөгч нь гарын үсэг зурдаг, харин нөгөө ерөнхийлөгч нь түүнийг нь үгүйсгэдэгт асуудал оршиж байгаа талаар судлаачид хэлж байв. Үүний тод жишээ бол 1994 онд Хойд Солонгостой хийсэн хэлэлцээр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Ираны цөмийн хөтөлбөр ажээ.

Иймээс Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулах асуудал ингээд дуусчихгүй. Энэ хэлэлцээ цаашид хэрхэн өрнөх нь улам их сонирхол татаж буйг дэлхийн хэвлэлүүд болон судлаачид бичиж байна. Учир нь, Трамп ‘Бид цаашид олон удаа уулзах болно’ гэж мэдэгдсэн билээ. Харин Ким Жон Ун Трампад итгээд цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзах хүн биш гэв.

Цөмийн зэвсгийн асуудал зөвхөн ганцхан дээд хэмжээний уулзалтаар шийдэгдэхгүй. Үүнд маш их цаг хугацаа шаардлагатай. Трамп бол Трамп. Тэр энэ түүхэн явдлыг хэнд ч зарж мэднэ гэж зарим судлаачид дүгнэж байна.

Ямартай ч, Трамп АНУ-ын түүхэн дэх Хойд Солонгостой уулзаж, хамтарсан тунхагт гарын үсэг зурсан анхны ерөнхийлөгч боллоо. Энэ түүхэн үйл явдал ирэх арваннэгдүгээр сард тохиох АНУ-ын Конгрессийн сонгуульд хүчтэй нөлөөлнө. Хэрвээ Трампын нам олонх болбол Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож ч мэднэ гэж олон улс дүгнэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж