"Би И.Тамирт зодуулснаараа төрд 1,3 сая төгрөгийн орлого оруулсан"

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

"Би И.Тамирт зодуулснаараа төрд 1,3 сая төгрөгийн орлого оруулсан"

"Би И.Тамирт зодуулснаараа төрд 1,3 сая төгрөгийн орлого оруулсан"

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд “Mint” клубт баяраа тэмдэглэж явсан Д.Болортуяаг зүс таних залуу хэвтэрт ортол нь  зодсон хэрэг гарсан. ‘Ньюс’ агентлаг  хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өмнө хүргэсэн. Тэгвэл  энэ сарын 8-ны өдөр тус хэргийн анхан шатны шүүх хурал болж  өнгөрчээ. Энэ талаар Д.Болортуяатай ярилцлаа.


-Анхан шатны шүүх хурал товлосон хугацаанаасаа хоёр хоногийн дараа  болсон гэж сонслоо.

-Анхан  шатны шүүх хурал зургадугаар сарын 6-ны өдөр зарлагдсан байсан. Миний хэргийг хариуцаж байсан прокурор  амралтаа авсан учир хэргийг өөр прокурор руу шилжүүлсэн юм билээ. Хэргийг шилжүүлж авсан прокурор хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй байна гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж, зургадугаар сарын 8-ны өдөр болгосон. Шүүх хуралд И.Тамир болон түүний өмгөөлөгч Б.Билгүүн оролцсон бол би өөрийгөө өмгөөлж оролцсон. Шүүх хурлын явцад И.Тамир  “Д.Болортуяаг цохисон нь хүнд гэмтэл учруулахаар  байгаагүй” гэж тоомжиргүй  хэлж байсан. Энэ үгийг сонсоход мэдээж амар байгаагүй. Хурлын үеэр “Mint” клубын тамхины өрөөнд болсон зодооны  бичлэгийг үзүүлсэн. Бичлэг дээр И.Тамир намайг маш олон удаа цохиж, өшиглөж байсан нь тод харагдсан. Би зодуулж байгаа бичлэгээ огт үзээгүй байсан. Шүүх хурлын үеэр бичлэгийг үзээд тэвчиж чадалгүй шууд уйлсан.

-Анхнаасаа өмгөөлөгч аваагүй хэрэг үү?

-Би хоёр өмгөөлөгчид хандсан. Харамсалтай нь, надтай холбоогүй болсон. Магадгүй тэр хоёрт И.Тамирын талаас нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Надад өмгөөлөгч олдохгүй байсан болохоор би өөрийгөө өмгөөлсөн.

И.Тамирыг тухайн үед сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байх магадлалтай гэж байсан. Энэ тухайд?

-Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх талаар шалгуулах хүсэлт гаргасан. Шалгуулахад хэрэглээгүй гэж гарсан. Шинжилгээний хариу үнэн эсэхийг мэдэхгүй л байна.

-Шүүгчийн шийдвэрийн тухайд юу гэж гарав?

-Шүүх хурал дээр хэргийн газар дээрх бичлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэг, улсын прокурорын яллах дүгнэлт зэргийг үндэслэн шүүгчийн шийдвэр гарсан. Шийдвэрийн тухайд И.Тамирыг Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч миний биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан нь үнэн гэж үзсэн. Хамгийн харамсалтай нь  түүнд ял шийтгэл  оноохгүйгээр 1,350,000 төгрөгийн торгуулийг улсын захиргаанд төлүүлэхээр болсон. Хөнгөн гэмтэл учир захиргааны торгууль авч байгаа гэнэБи И.Тамирын  хийсэн хэргийнх нь хариуд  ял эдлүүлэхийг хүссэн. Тэр 1,350,000 төгрөгийн торгуулийг инээгээд л төлнө шүү дээ. Миний эмчилгээний зардал болон ажлаа алдсан хугацаа, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрт 120,000 төгрөг олгох шийдвэр гарсан. И.Тамирын өмгөөлөгч нь 120,000 төгрөгийн хохирлыг “Би одоо өгье” гээд миний нүүр рүү  шидсэн. Миний нэхэмжилсэн мөнгөн дүн биш учраас би аваагүй.

-Таны  биед  учруулсан гэмтэл болон сэтгэл санааны хохирлыг 120 мянган төгрөгөөр үнэлсэн гэж ойлгож болох нь ээ?

-Болно. Хавтаст хэрэгт нэхэмжлэл болон эмнэлгийн төлбөр тооцоо хийсэн баримтуудаа оруулах ёстой байдаг. Тэдгээр баримтуудыг бүгдийг нь оруулсан. Харамсалтай нь, эдгээр баримтууд нь эх хувиараа, нотариатаар батлуулсан  байх ёстой юм байна. Эмнэлгийн төлбөр тооцооны баримтуудаас  ганцхан тархины оношилгоонд орсон 120 мянган төгрөгийн баримт нь эх хувиараа байж таарсан. Шүүх эмнэлгийн шинжээч эмч миний биеийг үзээд хөнгөн гэмтэл гэж дүгнэсэнд бас гайхаж байна.

-Шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн үү?

-Тийм ээ. Шүүхэд би гомдолтой  байна гэдгээ хэлсэн. “Хүнийг улаан цайм зодож гэмтээсэн гэмт хэрэгтнийг 1,350,000 төгрөгийн  захиргааны торгууль тогтоогоод өнгөрч байгаа юм уу. Энэ хүн  ахиад гэмт хэрэг хийхийг үгүйсгэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл шүүгч “Бид хуулийн дагуу ажиллаж байна. Чи гомдолтой байгаа бол Иргэний шүүхээр эмчилгээ болон сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж болно гэсэн. И.Тамирын өмгөөлөгч  анх  ‘Шүүхээр явбал 1,350,000 төгрөгөөр торгуулаад л  өнгөрнө. Таван сая төгрөг өгье. Цэвэрхэн салцгаая” хэлж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгчийн гаргах тогтоолыг харсан юм шиг онож хэлсэн байгаа юм. Одоо бол зохион байгуулалттай ч юм шиг санагдах болсон.

Танд дахин давж заалдах бодол байгаа юу?

-Би И.Тамирт зодуулснаараа төрд 1,350,000 төгрөгийн орлого оруулж, тэр хүн ямар ч ял шийтгэл авахгүй гарч байгаад гомдолтой байгаа. Надад одоо шүүх байгууллагаар явах хүсэл, тэнхээ ч алга. 

-Нууц биш бол И.Тамираас хэдэн төгрөг нэхэмжилсэн юм бэ?

-Би удахгүй БНСУ-руу явж тархины нарийн шинжилгээнд орно. Нэг сарыг би эмнэлэгт өнгөрөөсөн. Тархины гэмтэл удах тусмаа даамжирдаг. Би өөрөө тархиараа хоолоо олж иддэг хүн. Хэрэв миний тархины гэмтэл цааш даамжирвал надад амьдрах баталгаа байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр би амьдралын баталгааны даатгалыг давхар И.Тамираас авна гэж хэлсэн.

Түүнээс  нийтдээ 510 сая  төгрөг  нэхэмжилсэн. Монголд хэвтсэн эмнэлгийн төлбөрийг хүртэл И.Тамираас  гаргуулаагүй. Гэхдээ энэ гол нь биш. Хамгийн гол нь И.Тамир гэмт хэрэг хийчхээд 1,350,000 төгрөгийн  торгууль төлөөд зүгээр явж байна. Өндөр хөгжилтэй орнуудад хүн рүү гар далайсан тохиолдолд  хоёр жил  шоронд ордог. Гэтэл Монгол Улсад эмэгтэй хүнийг хэвтэрт ортол зодсон хүнд 1,350,000 төгрөгийн  захиргааны торгууль тавиад  өнгөрч байна. Ямар  ч улсад ийм завхарсан хууль байхгүй. Ингээд харахад Монгол Улсын Эрүүгийн хууль гэж гэмт хэрэгтнийг өөгшүүлсэн хууль гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

-Таны биед учруулсан гэмтлийг ямар учраас хөнгөн гэмтэл гэж тогтоосон талаар шинжээч эмч тайлбарласан  уу?

-Мэдээж хүнд гэмтэлд тооцогдоно. Тухайн үед би шүүх эмнэлэг дээр очиход баруун  гар хугарсан байдалтай биеийн ихэнх хэсэг хөх няц тархи доргилттой байсан. Энэ явдлаас сарын дараа би ухаан алдаж унасан. Тархиндаа дахиад нарийн шинжилгээ хийлгэсэн. Энэ талаар шүүх хурлын үеэр эмч огт яриагүй. Зөвхөн миний нүүрэн дээрх гэмтлийн талаар л яриад байсан. Би тархиндаа дахиж эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн бичгүүдээ хүртэл  прокурорт үзүүлсэн. Прокурор шүүх эмнэлгийн  эмчээс “Тархины гэмтэл хэсэг хугацааны дараа шинж тэмдэг нь илэрдэг юм” уу гэж асуухад эмч “мэдэхгүй” гэж харилж байгаа юм. Тайлбарлаж чадахгүй байна гэдэг нь мэдлэг боловсролгүй хүн гэсэн үг биз дээ. 

Би шүүх хурлаас өмнө шүүхийн эмчээс “Яагаад хөнгөн гэмтэл гэж тогтоож байгаа юм бэ? Би үнэхээр хүнд гэмтсэн шүү дээ” гээд  асуусан. Тэгтэл “Ямарваа нэгэн байдлаар биеийн яс хугараагүй тохиолдолд хөнгөн гэмтэлд тооцдог” гэж хариулсан. Энэ бол шүүх эмнэлгийн эмч нар  ажлаа мэддэггүй  л харуулж байгаа хэрэг шүү дээ.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийг алдаатай хууль гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Хохирогчоо хамгаалж чаддаггүй юм байна. Шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэл гэж дүгнэвэл торгуулна, эдлэх ял байхгүй. Харин хүнд гэмтэл гэж тогтоогдсон бол 2-3 жил ял эдлэх байсан. Улсын байгууллагууд шат шатандаа хахуульд идэгдчихэж.

-Тэгвэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд гаднаас  нөлөөлсөн гэж хардаж байгаа юм уу?

-Би тэгж л харж байна. Улсын байгууллагын цалин 600 мянган төгрөг. Үүнээс татвар төлөөд гар дээрээ 450 мянган төгрөг авах байх. Одоогийн нийгэмд энэ мөнгөөр амьдархад хүрэлцэх үү. Ийм  цалинтай хүмүүсийг хахууль авлаа гэж буруутгах ч арга алга.  

 

Та И.Тамирын тухай хэр их зүйл  мэдэх вэ?

-Аав ээж хоёр  нь АНУ-д амьдардаг. И.Тамир өөрөө Австрали улсад магистрын зэргээ хамгаалсан боловсролтой залуу. Миний дүү шиг л насны /24/ залуу. Би түүнийг яллагч гэсэн  бичигтэй ширээний ард сууж байхыг хараад үнэнийг хэлэхэд өрөвдсөн. Хүн хүнээ гэх сайхан сэтгэлгүйгээр өндөр боловсрол эзэмшээд яах юм. Сургуулийн ширээнээс хүн боловсролыг олж  авдаггүй. Хүний боловсрол гэдэг чинь  нэгнээ ойлгож, хүндэтгэх, хайр энэрэл.

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд ил гараад өөрт тохиолдсоноо ярихаар нийгмийн зүгээс маш их дарамт ирдэг. Бараг хохирогч эмэгтэйн буруу мэт хандлага ч ажиглагддаг ?

-Үнэн. Намайг бас тэгж байсан. Хүмүүсээс яах гэж шөнө орой шоудсан юм. Хохь чинь гэх зэргийн сэтгэгдлүүд ирж байсан.  Хэвлэлд  миний ярилцлага гарснаас хойш над руу хандсан олон эмэгтэйчүүд бий. “Би нөхөртөө зодуулсан”,”Эцэгтээ хүчирхийлүүлсэн”, “Жирэмсэн байхдаа нөхөртөө зодуулсан” гэхчлэн сонсоход сэтгэл сэртхийм  өрөвдөлтэй түүхүүдийг ярьж байсан. Энэ бүгдээс харахад эмэгтэй хүнийг хайрлах хандлага Монгол Улсад алга. Ихэнхдээ эмэгтэй хүнийг дорд үзэх хандлагатай. Эмэгтэй хүн өөрийнхөө чадлаар амьдралаа аваад явах чадалгүй гэсэн мунхаг үзэл байсаар байна. Эрчүүдийн энэ үзэл бодлыг өөрчлөхийн тулд эмэгтэйчүүд хүчирхэг, боловсролтой байх хэрэгтэй байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж