Философийн ухааны доктор Б.Батчулуунтай уулзаж ярилцлаа.
-Та идэвхтэй бичигч. Гэхдээ ойрд юм бичсэнгүй. Ажил ихтэй завгүй л байгаад байна уу?
-Тухайн үйл явдал, сэдэв нь хэр зэрэг сонирхол татаж байна, би түүнд оролцмоор байна уу, дуу хоолойгоо хүрмээр байгаа юу, үзэл бодлоо илэрхийлэх шаардлага байна уу гэдгээс хамаарна. Гэхдээ наснаас болдог юм уу, жаахан залхуу тал нь дийлээд байна аа. Голдуу орчуулга дээр л ажиллаж байна.
-Мэдээж, улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд өрнөж байгаа асуудлыг үзэж, сонсч байгаа биз дээ?
-Ямар ч байсан телевиз асаахаар гарч байгаа юмыг сонсоно, үзнэ л дээ. Заримаас нь хоцорчихсон байдаг юм, хааяа.
-Олон нийтийн сүлжээнд хэр ордог вэ, та?
-Тун бага.
-Мэдээллийг хаанаас голдуу авч байна?
-Хааяа сайт харна. Оройдоо телевиз харчихна.
–Монголд олон үйл явдал өрнөж байна. Гэхдээ та бид хоёр ардчилал гэх сэдвийг хүрээнд голчлон ярихаар тохирсон. Сүүлийн үед ардчилалд аюул тулгарлаа гэж Ардчилсан намын зарим гишүүд ярьж бичих болсон. Та үүнтэй санал нэг байна уу?
–Ардчилал бол өөрөө олонх дээр тулгуурласан үзэгдэл. Ард түмэн, засаглал гэсэн хоёр үгнээс бүтсэн “эд”. Хараад байхад ардчилалд дутагдалтай тал үнэхээр их байдаг. Бүх хүний санал нэг адилхан байх албагүй учраас шүүмжлэл ч их гардаг. Дэлхийд ардчилсан үзэл баримтлалтай олон орон байна. Гол нь ардчилал ямар хөрсөн дээр ургаж байгаагаас хамаараад өөр, өөрөөр төлөвшдөг. Би сэтгэлийн хөөрлөөр юм уу, шүүмжлэхийн тулд хэлж байгаа юм биш, надад харагдаж байгаагаар Монголын ардчилал буруу замаар, Африк, Латин Америкийн ардчиллын замаар явчихлаа даа гэсэн сэтгэгдэл төрөх болсон. Либерали бус ардчиллын замаар яах аргагүй л явчихлаа гэж харагдаад байгаа юм даа.
-Өнөөдөр бүх хүн монголчууд буруу замаар яваад, төөрчихлөө гэж ярих болсон. Гэхдээ яаж зөв замаар явах ёстой юм бэ. Буруу замаар явсны буруутан юу юм, тогтолцоондоо юу эсвэл хүмүүстэй байна уу гээд олон асуудал бий?
-Би их гутранги хариулт өгөх байх. Ойр дотныхондоо бол би Монголоос яв, гадагшаа явж амьдар гэсэн зөвлөгөө өгдөг. Нуугаад яахав, Монгол энэ байдлаасаа мөддөө гарахгүй. Монголчууд бол өөрсдийгөө олж харахгүй байна л даа. Бидний явах замд олон саад бэрхшээл гарна, энэ нь арав, хорин жил үргэлжилнэ гэж яриад байна. Би лав тэгж өөдрөг харж чадахгүй байгаа.
-Гол нь эндээс гарахын тулд бид юу хийх ёстой юм бэ. Мэдээж, олон шалтгааныг улстөрчид нэрлэдэг. Хамгийн түрүүнд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн яриа гарч байна. Үндсэн хуульд өөрчлөлт орлоо гэхэд бид Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү, эсвэл парламентын засаглалтайгаа цааш явах уу гэсэн нэг асуулт тавигддаг?
-АНУ бол ерөнхийлөгчийн засаглалтай. Япон парламентын засаглалтай. Аль, алинд нь шударга ёс төлөвшсөн. Жирийн иргэн тэнд хожиж чадаж байна. Манайх шиг ардчилалтай улсад шударга иргэн хохирдог, шударга ёс алдагддаг, үнэн ялагддаг. Засаглалын хэлбэр ямар байх нь чухал биш, монголчуудад өөрсдөд нь, мөн чанарт нь асуудал байна. Үндсэн хуулийг өөрчлөнгүүт алдагдсан ардчиллаа олж авна гэж бодоод байгаа, зарим хүн.
Би түрүүнд хэлсэндээ ардчилал суусан хөрсөөсөө хамаардаг гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хөрс нь тухайн үндэстэн орчин үеийн хэллэгээр масс гэсэн үг. Манай масс бол угаасаа шударга бустай зохицоод ирсэн. Надад ямар хамаатай юм бэ гэдэг ч юм уу эсвэл би ч бас тэгэх л байсан шүү дээ гэсэн сэтгэхүйгээр асуудалд ханддаг. Бидний энэ зан нөгөө шударга бус явдлыг гааруулдаг. Шударга хүмүүс нь харин гаж, тэнэг харагдах жишээтэй. Надад бололцоо байсан бол тэр тендерийг, тэр суудлыг ахдаа, дүүдээ найздаа аваад өгөх байсан гэж боддог. Ийм үзэл сэтгэхүйд нь гүнзгий, бараг эдгэшгүй өвчин болтлоо олон зуунаас суучихсан учраас зөв зам руугаа ороход хэт их хугацаа зарцуулах байх.
-Хэт их хугацаа гэдэг нь ойролцоогоор хэдэн жил?
-Гарах зам нь харагдахгүй байна. Харагдахгүй байгаа учраас өөрийн ойр дотны хүмүүстээ зөвлөхдөө “Гадагшаа гар” л гэдэг юм. Өөрийн чинь хөдөлмөр, чадвар, авьяасыг хамгийн сайн шударгаар үнэлж чаддаг нийгэмд очоод амьдар гэдэг.
-Тэгээд улс орноо хэн хөгжүүлэх ёстой юм бэ. Амь, амиа бодоод бүгд гадагшаа яваад өгвөл бүр л дампуурна байх?
-Үндэстэнд тогтсон моралийг өөрчлөхөд маш хэцүү. Бидний доройтол, хямрал улс төрийн гэхээс илүү ёс заншил, моралийн шалтгаантай холбоотой юм байна гэж харах болсон. Монгол хүн аливаа шударга бус зүйлийн хажуугаар аль болохоор дуугүй, нүдээ аниад өнгөрдөг. Монголчуудаа буруутгаж, доош нь хийж, хорыг нь малтах гэж хэлээгүй. Монгол мөддөө хөгжихгүй. Барууны ардчиллын хэмжээнд очтолоо лав 40 жил. Монголд моралийн цасан нуранги явж байна шүү дээ.
-Дахиад 40 гаруй жил монголчууд “тамын тогоондоо” амьдрах гэж үү, гунигтай юм бэ. Бид өөрсдөө байг гэхэд үр хүүхэд маань сайхан нийгэмд амьдрах хэрэгтэй биз дээ?
-Дөчин жил бол хатуу хугацаа биш. Би их л наашлуулж хэлж байна. Бид хатуу ч гэсэн үнэнийг сонсох хэрэгтэй, худлаа өөдрөг байгаад яах юм бэ. Өөдрөгөөр харах ямар ч зүйл алга. Эмоци дээр суурилсан яруу найргийн сэтгэлгээгээр худлаа магтаж болно. Бид сайн сайхан байна, Монгол хөгжиж байна, ардчилал, шударга ёсыг сахиулж байна гээд.
Үнэндээ манай улс төр, нийгмийн хүрээн дэх ялзрал тун гүнзгий үр үндэстэй. Өөрчлөгдье гэвэл монголчууд моралаа, психологио өөрчлөхөөс эхлэх ёстой. Монголчууд хууль, дүрэмгүй амьдарч ирсний үр дагавар гэхэд ч буруудахгүй.
Алтайн өвөр говьд амьдарч байгаа малчин хууль гэдгийг мэдэхийн тулд дор хаяж бичиг үсэгтэй байх хэрэгтэй. Хууль хоорондоо хамтран амьдарч байгаа хүмүүсийн харилцааг зохицуулдаг зүйл. Гэтэл, ганц ганц гэрээрээ амьдарч байсан нүүдэлчид хуулийг яаж биелүүлэх юм. Тиймээс Монголын хууль гурван хоног гэж үгтэй. Хэдэн зуун жилээр бидэнд өвлөж ирсэн аж төрөх ёс, психологио өөрчилж байж Монголын ардчилалд аюул нүүрлэхгүй.
-Та мэдээж, философич хүн учраас философи талаас нь илүү дүгнэсэн байх. Тэгвэл нийгмийн ёс суртахууныг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй юм бол. Мэдээж шүүмжлэл хэрэгтэй ч, ингээд шүүмжлээд орхичхож болохгүй байх?
-Гурван сая хүний олон зуун жилээс өвлөгдөж ирсэн аж төрөх ёс, моралийг Үндсэн хуулийг өөрчлөөд шийдчих юм биш. Монголчуудын талаар бичсэн гадаадын судлаачид, аялагчдын бичсэн дурсамж, нийтлэлийг уншихад монголчууд эртний авлигад дуртай хүмүүс байж. Чингис хаан хүртэл хайртай булган дахаараа Тоорил ханыг авлигаддаг тухай Монголын нууц товчоонд гардаг. Монголчууд хахуульд нүгэлтэй дуртай. Хоорондоо нүгэлтэй дайсагнадаг, бараг нэгнийхээ эрхшээлд орсноос, гадны хүний эрхшээлд орохыг илүүд үздэг. Манжийн эрхшээлд монголчууд амархан гэгч нь орчихсон. Орсон хойноо шагналд асар их дуртай байсан нь түүхэнд үлдсэн байдаг. Монголчууд өөрт нь байхгүй шинж чанараар нь магтаад байхад “би тийм биш ээ” гээд хэлж чаддаггүй. Үүнээсээ болж, улс үндэстэн доройтоод байгаа юм. Гэтэл Японыг хар. Капитализм тэнд ямар амархан идээшив. Миний яриад байгаа мораль нь япончуудад сайн байж. Худлаа ярихыг цээрлэдэг, хөдөлмөрч, шударга, дүр эсгэдэггүй. Капитализмтай хүмүүсийн моральтай нь маш сайн зохицсон байна шүү дээ. Гэтэл бид яаж байна, худлаа ярина, залхуу, дээр нь магтаал, шагналд дуртай. Төрийн ордонд сууж байгаа 76 бол бидний моралийн илрэлүүд. Тэнд бидний хэн ч очсон яг тэгж харагдана.
-Энэ тэгээд ардчиллын буруу биш биз дээ?
–Монголын ардчилал ардчилал гэхэд хэцүү. Их сонин феномен Монголд байдаг. Ардчилсан биш ээ гэхээр бас үгүй. Үндсэн хуультай, парламентын засаглалтай. Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгоно. Үг хэлэх эрх чөлөөтэй, хувийн өмчтэй, зах зээлийн нийгэмтэй. Гэтэл ардчилал яг мөн үү гэхээр бас биш. Ардчиллын ололт нь ард түмэндээ огт хүртээлгүй ашиггүй байгаад байна. Цөөн хэдэн хүмүүс нь баяжаад улс хөгжихгүй байна гэдэг ардчилалгүйн шинж. Хөгжингүй орнууд хөгжсөн шалтгаан нь маш сайн Үндсэн хуультайдаа биш, парламентын засаглал ба Ерөнхийлөгчийн харилцааг маш сайн зохицуулсандаа ч биш ард түмнийх муу юмыг тэвч, эс тэвчих, ичих, эс ичих ёс суртахуунтай л холбоотой.
-Ардчиллын нэр хүнд унаж байгаагаас болсон уу, сүүлийн үед сошиалд социалист нийгэмд сайхан амьдарч байжээ гэж ярьж, бичих нь олширч?
–Ардчилал муу нь муу, гэхдээ үүнээс сайн хувилбар олоогүй байна гэсэн алдарт үг байдаг шүү дээ. Социалист нийгмийг мөлжигч биш гэдэг. Үнэн чанартай авъяастай, хөдөлмөрч, овсгоотойгоо авьяасгүй, овсгоогүй, мэдлэггүй, хөдөлмөрлөдөггүй нь мөлжиж амьдарч байсан нийгэм шүү дээ. Хамгийн сайн нийгэм бол ямар нийгэм бэ гэвэл Монголын гурван сая иргэнийг яг авьяас, боловсрол, ухаан, хөдөлмөрлөх чадвар, шаргуу чанараар нь үнэлэх явдал. Уг нь хүн төрөлхтнийг тэгж амьдруулдаг нийгэм капитализм. Гэтэл капитализмыг социализмтайгаа, феодализмтай холиод бүр холимог хуурга болгочихсон. Тэгээд тэрийгээ ардчилал муухай юм байна, капитализм муухай юм байна, зах зээл муухай юм байна гэж олон түмэнд ойлгуулчихсан. Манай ардчилагчдын хамгийн муухай тал нь хүн төрөлхтний батлагдсан хамгийн сайн нийгмийг өөрийнхөө улс үндэстний хэмжээнд хамгийн муухай болгож ойлгуулсан явдал. Ардчиллыг гутааж, муухай харагдуулахад манай ардчилагчид асар их хувь нэмэр оруулсан. Хэрэлдсэн, талцсан, идсэн уусан, луйвардсныг нь бодохоор уур хүрмээр санагддаг, гэхдээ мэдээж, экс коммунистуудаас арай дээр байлгүй яахав.
-Та Ардчилсан намын гишүүн хэвээрээ байгаа юу?
-Аль эрт гарчихсан. 1996 оны үед их идэвхтэй гүйдэг байсан юм.
-Та сонгуулиар саналаа Ардчилсан намдаа өгдөг үү?
-Үгүй, би ерөөсөө сонгуульд оролцохоо больсон.
-Яагаад?
-Миний эрх шүү дээ. Оролцохгүй байна гэдэг бас нэг сонголт. Өөрийнхөө мөнгийг идэх хүнийг гаргаж ирэхийн төлөө саналаа өгч яах юм. Ер нь сонгуульд оролцоно гэдэг гарсан үр дүнг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гарсан үр дүн нь минийх ч бай, миний эсрэг ч бай, дундаж ч бай би зөвшөөрнө гэсэн утгатай. Заавал Ерөнхийлөгчтэй байж амьдрах ёстой гэсэн хүмүүс нь саналаа өг. Би Ерөнхийлөгчтэй ч байсан, Ерөнхийлөгчгүй ч байсан, тэр байтугай төртэй ч байсан, төргүй ч байсан амьдарч чадна.
-Таны энэ үзэл хүмүүст жаахан эсэргүү сонсогдох байх даа?
-Бүр тодотгож хэлбэл, малчин хүн төртэй ч байсан малаа маллана, төргүй ч байсан малаа маллана. Багш хүн төртэй ч байсан хичээлээ заана, төргүй ч байсан хичээл заана. Эмч хүн төртэй ч байсан хүнээ эмчилнэ, төргүй ч байсан эмчилнэ. Нэгэнт хөдөлмөр хийж байгаа юм бол хэдэн цаас авч л таарна.
-Ингэхэд та ер нь хэр эх оронч хүн бэ. Ингэж асуух шалтгаан гэвэл сүүлийн үед эх оронч гэсэн хүмүүс олон болж?
-Дээр нэг хүн асууж байсан юм. Би тэгэхэд нь “Ёстой эх оронч биш” л гэж хариулсан. Эх оронч гэдэг бол их аюултай ойлголт л доо. Эх оронч гэдэг нэрийн ард сайн, муугаа нуудаг, хов хор хутгадаг. Би бол өрөөлд төвөг удахгүй, худлаа ярихгүй, өөрийнхөө амьдардаг хүн.
-Саяхан монголчууд ШХАБ-д элсэнэ, элсэхгүй гэж баахан л шуугилаа. Таныхаар аль нь зөв байсан бэ?
-Орос нь шахаад байгаа юм уу, Хятад нь шахаад байгаа юм уу, бүү мэд. Хоёр хөршөөсөө холдож чадахгүйгээс хойш хамтарч хөгжих нь зөв. Гэхдээ Орос, Хятад ерөнхийлөгчийн засаглал нэрийн дор хаантай болчихлоо. Тэнд ардчилал алга. Гэтэл Англи, Японд жинхэнэ хаантай хэрнээ тэнд ардчилал байна. Лав би хүний эрхийг байнга зөрчдөг Орос, Хятадад амьдарч чадахгүй.
-Та бол Монголд цөөхөн философичдын нэг, мятрашгүй либерал үзэлтэн. Таны бичсэн “Монголд арми хэрэггүй” гэсэн нийтлэлийг чинь уншиж байсан юм байна?
-Аан тийм, сэтгэгдлээр баахан хараалгасан.
-Яагаад тэр сэдвийг хөндөөд байна гэвэл өнөөдөр цэрэгжсэн эдийн засгийн тухай улстөрчид ярих болсон. Эр эмгүй цэрэгт явуулъя. Өндөр цалин хөлс өгье. Бүтээн байгуулалт хийе гээд. Энэ хэр зөв шийдэл вэ?
-Цэрэгжсэн эдийн засаг гэж яг юу хэлээд байгаа нь тодорхойгүй юм даа. Зах зээлийн эдийн засаг гэдэг нь ойлгомжтой. Төлөвлөгөөт эдийн засаг бас тодорхой. Цэрэгжсэн эдийн засгийн цаана яг ямар зорилго нуугдаж байгаа нь сонин. Аль ч улс оронд арми нийгэмд баялаг бүтээдэггүй зөвхөн хэрэглэдэг институци шүү дээ. Орос, хятадууд нь манайхыг дайрах гээгүй юм бол том армиар яах гэсэн юм. Төмөр зам, бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхнээр хийлгэчих л дээ. Орос, Хятад хоёр дэлхийд арми зэвсэглэлээр дэлхийд нэг, хоёр, гуравт ордог улсууд. Бид боловсрол, эрүүл мэнддээ нэг ч мөнгө хаяхгүйгээр бүх мөнгийг батлан хамгаалахдаа 10 жил зарцууллаа гэхэд Орос, Хятадын хаана нь ч хүрэхгүй. Харин хилийн цэрэг байж болно. Дээр нь хүний эрхтэй цэрэг үргэлж харшиж байдаг. Цэрэг бол ерөөсөө төрийн мэдлийн субьект. Төр үүрэг өгнө, цэрэг гүйцэтгэх л үүрэгтэй. Бүтээн байгуулахын тулд арми байна гэдэг утгагүй юм.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Холбоотой мэдээ