Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд өнөөдөр /2018.06.12/ “Монголын үндэсний пара хөнгөн атлетик 2018” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзан, “Хан-Уулын авьяастан” тэмдгээр шагналаа.
Уг шагнал нь дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнал юм байна.
Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зургадугаар сарын 8-10-нд “Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн 2018” улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. Тэмцээнд 13 аймаг, 6 дүүргийн нийт 200 гаруй тамирчид эрэгтэй 22, эмэгтэй 17 төрлөөр өрсөлдөж, авьяас самбаагаа сорьжээ.
Тус тэмцээнд нийслэлийн Хан-Уул дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэн оролцоод таван алт, хоёр мөнгө, долоон хүрэл нийт 14 медаль хүртэж, нийлбэр дүнгээр улсын хэмжээнд гуравдугаар байр эзэлсэн юм байна. Иймээс дүүргийн зүгээс баг тамирчдынхаа амжилтыг урамшуулж, шагнасан нь энэ юм.
Тамирчид дүүргийн Засаг даргын Тамгын газартаа хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, спортын тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангаж, мөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, дэмжин ажилладагт талархаж байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Б. Мөнгөнтуул