Хүүхэд бүрийг сургуульд тэгш хамруулах зорилготой төслийн үр дүнг тайлагнав

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүрийг сургуульд тэгш хамруулах зорилготой төслийн үр дүнг тайлагнав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЖАЙКА олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй ‘Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах’ төслийн 2017-2018 оны хичээлийн жилийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Төсөл 2015 оноос хэрэгжиж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдэнд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгоход чиглэж байна. Иймд тусгай сургуулиудад “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”, “Ээлжит хичээлийн хөтөлбөр” боловсруулан судалгаат хичээлийг явуулж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдийн адил орчинд буюу ердийн сургуульд оруулж дасгах, нийгэмшүүлэх, амьдралд хөл тавихад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд хүүхдүүдэд боловсрол олгож буй ердийн сургуулийн багш нарт тусгай сургуулийн багш нар зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байна.

Төсөлд одоогоор Хөвсгөл аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургууль хамрагдаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургуулийн дэргэд ердийн сургалттай 79, 111, Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн дэргэд 26 болон 34 дүгээр сургууль байна. Мөн Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуулийн дэргэд 28, 113, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн дэргэд 16, 35 дугаар сургууль туршилтаар хичээл зааж байна.

Тусгай хэрэгцээт сургууль нэмж барих хэрэггүй

‘Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах’ төслийн удирдагч Тэцүяа Иший:

-Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамаарч бүх хүүхэд чанартай, өндөр боловсрол эзэмших ёстой. Хүүхдүүд хамтдаа ямар загвараар хэрхэн суралцаж болохыг эрэлхийлэхэд төслийн гол зорилго оршино. Улаанбаатарт байдаг дөрвөн тусгай хэрэгцээт сургуулийн дэргэд тус бүр хоёр ердийн сургууль нэгтгэж, нэг баг болгосон. Ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд төслийн хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлсэнээ өнөөдөр тайлагнаж байна. Зарим сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчилсан сургалтаар ажилласан бол зарим нь Хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ. Энэ мэтчилэн ердийн сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж байгаа нь маш зөв хандлага, бодлого юм. Япон гэлтгүй ерөөс дэлхий нийтийн жишиг яг энэ чиглэл рүү явж байна. Сүүлийн үед тусгай хэрэгцээт сургуулийг нэмж барихгүй байх, хүүхдүүд нэг нэгнээ ойлгож, хамт суралцах нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримталж байгаа. Манай улсын хувьд нэг зүйлд хамгийн их анхаарал хандуулж байна. Тэр нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүүхэд өсч том болж, асаргаа сувилгаа хийлгүүлэх хүнгүй болж, нийгэмд ганцаар гарахаас өөр сонголтгүй болох үед яах вэ. Тиймээс нийгэмд өөрийгөө авч явах чадвар эзэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл рүү чиглүүлэн ажиллаж байна.

Ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд суралцаж байна

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишиг:

-Манай сургууль 2015 оноос уг төсөлд хамрагдсан. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн тухай асуудал хөндөхөд заавал тэдэнд зориулсан тусгай сургууль байх ёстой мэт боддог. Монгол Улсын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг үе тэнгийн найзуудынх нь дунд ялгаварлан гадуурхахгүй, тэгш хамруулан сургах талаар тусгасан байдаг. Төслийн хүрээнд манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд суралцаж байна. Гэсэн ч аливаа зүйлийг шууд хүлээж авах амаргүй байдгийн адилаар эхлээд манай сургуулийн эцэг, эх суралцагчдын зүгээс эдгээр хүүхдийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Харин өнөөдөр бүгд эрх тэгш гэдгээ ойлгож, хамтдаа суралцаж байна. Энэ бол төслийн бодит үр дүн. Мөн тохируулгат орчин бүрдүүлж, ганцаарчилсан сургалтыг хоёр хүүхэд дээр явуулсан. Энэ сургалт маш үр дүнтэй байлаа. Тиймээс үлдсэн 14 хүүхдээ ч бид ганцаарчилсан сургалтад хамруулахаар төлөвлөсөн.

Эрт илрүүлэг, үзлэгийг 1.8 настайгаас нь хийдэг

Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Д.Баасансүрэн:

-Орон нутгаас манай аймгийг сонгон авч төсөл хэрэгжүүлж байгаад баяртай байгаа. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх чиглэлээр багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх гэм мэт олон ажлыг хийсэн. Энэ бүхнээ өнөөдөр тайлагналаа. Хөвсгөл аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 573 хүүхэд байгаагаас 56.6 хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 34 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж, боловсролын үйлчилгээг хүртэж байгаа. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг тэгш хамруулах зорилтын хүрээнд бид тогтолцоо бүрдүүлэхээр бодлогын баримт бичгээ боловсруулж байна. Энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, үзлэгийг хийсэн. Тодруулбал, аймгийн хэмжээнд 1.8 настай бүх хүүхдийг эрт үзлэгэд хамрууллаа. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь тогтоогдсон тохиолдолд энэ наснаас нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний дэмжлэг үзүүлж, цаашлаад цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролд хамруулж, ажиллах, амьдрах арга ухаанд бэлтгэх асуудлыг тогтолцоогоор шийдвэрлэх тухай яригдаж байна.

Д.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж