‘Би чамтай унтчихсан’ гээд ажлын эрчүүдэд хэлчихсэн. ‘Хэрэв ингэж хэлэхгүй бол бүгд чам руу шүлэнгэтнэ, чамайг харин ч хамгаалж байгаа юм’ гэсэн яриаг ажлын залуугаасаа сонссон Б цочирдож, сэтгэл санаагаар унаж, ажил хийх урам зориг үгүй, амьдралд гутрах болж.
Дээрх худал хуурмаг үг хэл, үйлдэл нь бодит байдал дээр царайлаг, залуухан эсвэл харж хандах хүнгүй ганц бие бүсгүйчүүдэд ажлын байран дээр, сургууль дээр тохиолдох нь элбэг үзэгдэл болжээ. ‘Үгүй’ гэж хэчнээн “хашхираад” ч чимээгүй өнгөрөх бэлгийн дарамтад хүчин мөхөс, гомдлоо гээд хэнд хандах вэ, хэн хохирол барагдуулж, хариуцлага тооцох вэ дээ. Дарамтлагчид “ҮГҮЙ”-г үгүйгээр ойлгодоггүй, албан тушаал, эрх мэдэл, давуу байдлаа ашиглан шантаачлан дарамталсаар байдаг.
Энэ бол ажлын байрны бэлгийн дарамт. Яг ийм мэдээлэл ‘Гүнж’ төвийнхөнд байнга ирдэг. Манай улсад ажлын байрны бэлгийн дарамтын (АББД) асуудлыг 2007 оноос гаргаж ирсэн, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын Эвсэл буюу ‘АББД-тай тэмцэх ТББ-уудын эвсэл’ гэж байдаг. Тэднийхээс явуулсан онлайн судалгаагаар АББД-д хохирогчдын 98 хувь нь эмэгтэйчүүд, хоёр хувь нь залуус өртсөн байна. Дарамтлагчид нь 25-70 насны эрэгтэйчүүд, төрийн байгууллага, сургуулийн орчимд хамгийн өндөр тохиолддог гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх, хариуцлагыг оновчтой болгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тусгаж, УИХ-аар батлагдахыг нийгмийн зүгээс хүлээж байна.
Бэлгийн дарамт гэдэг нь:
-Хэн нэгнийг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ:
- үг хэлээр
- биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх
- хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулах
- бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх
- айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Ямар хэлбэрээр илэрдэг бэ?
- Үг хэлээр: бэлгийн сэдэлтэй онигоо байнга ярьж ичээх, бэлгийн сэдэлтэй санал тавих, дооглох басамжлах,харьцаанд орохыг тулгах, дарамтлах, доромжлох, заналхийлэх, шахах, шаардах.
- Биеэр буюу /үйл хөдлөлөөр/: зохисгүйгээр ширтэх, шалиг нүдээр харах, өдсөн зураг, хэвлэмэл хуудас, дүрс үзүүлэх, сүлжээ ашиглан мессэж илгээх, хормойг нь сөхөх, шалтгаангүй шаардлагагүй тохиолдолд уулзах, болзох санал тавих.
- Бие махбодийн: зөвшөөрөлгүй биеийн эмзэг хэсэгт илэх, үнсэх, хөх, өгзөг, бэлэг эрхтэнг шүргэх, хүрэх, биеэр довтлох, бэлгийн харьцаанд орох.
Магадгүй та ААБД-аас хол мэт санагдавч Монгол Улсад анхаарал татсан хүний эрхийн ноцтой асуудал зөрчил гэдэг нь гурван эмэгтэй тутмын нэг нь хохирогч болсон, таван эмэгтэй тутмын нэг нь өөрөө хохирогч болж байсан гэсэн судалгааны дүнгээс харагдана.
2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцэж буй. Хөдөлмөрийн зах зээл дэх бүх харилцааг зохицуулах тус хууль нь хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиудын нэг.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 8.4 “Ажил олгогч нь ажлын байранд дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Гэвч тус хуулийн заалт нь АББД-ын асуудлаарх эрх зүйн орчинг сайжруулахад хангалтгүй учир “АББД-тай тэмцэх ТББ-уудын эвсэл’ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг зохицуулалтыг оруулахыг шаардаж байгаа юм.
Тухайлбал, тэдний зүгээс “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгад дэвшүүлж буй гол санал нь:
8.4 Ажил олгогч нь ажлын байранд бэлгийн болон бусад дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ.
8.5 Ажил олгогч нь ажлын байрны бэлгийн болон бусад дарамтын талаар гарсан гомдол, шийдвэрлэгдсэн байдлын талаар нийт ажилтнуудад мэдээлэх арга хэмжээг тухай бүр авч байна.
8.6 Ажил олгогч нь ажлын байрны бэлгийн болон бусад дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар дотоод сургалтыг тогтмол зохион байгуулах.
Хариуцлагыг оновчтой болгох чиглэлээр Зөрчлийн тухай хуульд:
АББД-ыг хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэрэг болохыг дэлхийн 130 гаруй орон хүлээн зөвшөөрч бие даасан хууль болон эрхзүйн орчныг сайжруулсан байдаг. Монгол Улс ажлын байран дахь бэлгийн дарамт гэдэг нэр томьёоллыг анх удаа 2011 онд “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-д хуульчлан өгснөөр эрх зүйн орчинд эерэг өөрчлөлт хийсэн гэж үздэг. Гэвч хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй төрийн болон хувийн салбарын ажил олгогчид хуулийг хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй зэргээс үүдэж хүний эрхийн ноцтой зөрчлийг гаргасаар, үйлдэгдсээр байгаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн. Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарын зүгээс эрхзүйн шинэтгэлийн хүрээнд 2015 онд шинэчилсэн Эрүүгийн хуульд “Ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэг хэмээн үзнэ” гэж анх удаа хуульчилж өгсөн чухал алхам болсон ч тус хуулийг дахин шинэчлэх нэрийн дор Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйл буюу “Бэлгийн дарамт учруулах” гэсэн заалтыг 2017 онд хүчингүйд тооцсон. Ийн эрхзүйн орчин хангалтгүй, тодорхойгүй байгаагаас үүдэн хохирогч хамгааллын асуудал орхигдсон хэвээр байгааг хууль санаачлагчдад хууль төрөхийн өмнө анхааруулъя.
Ялангуяа, төрийн өмчит компанид ажиллагсад илүү ихээр ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Охид, эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэлгийн дарамтын төлөв байдал, хандлага 2004, 2007 оны харьцуулсан судалгааг “Монголын эмэгтэйчүүд сангийн дэмжлэгтэйгээр “Хүйсийн тэгш эрх төв” хийж гүйцэтгэсэн судалгааны хэсгээс танилцуулахад,
Ажлын байрны бэлгийн дарамтыг оновчтой тодорхойлж, урьдчилан сэргийлэх, гомдлын механизмийг тодорхой болгох, үйлдэгдсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг оновчтой болгох нь дан ганц эмэгтэйчүүдийн бус хүний эрхийн түгээмэл зөрчил болоод байгааг “хохирогчдын хоёр хувь нь эрэгтэй” гэсэн судалгааны дүнгээс харж болно.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад АББД-тай холбоотой зохицуулалтыг тодорхой, оновчтой тусгах шаардлагатай байгааг УИХ-ын эрхэм гишүүд, салбарын сайд, УИХ-дахь НББСШУ-ны Байнгын хороонд сануулъя.