ДАШТ-ий үеэр Москвад дугуйны түрээсийг хямдруулна

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий үеэр Москвад дугуйны түрээсийг хямдруулна

ДАШТ-ий үеэр Москвад дугуйны түрээсийг хямдруулна

Маргааш эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд зориулж Москва хотын захиргаа дугуйны түрээсийн үнийг буулган бэлэг барихаар шийджээ. Тэмцээн үзэхээр ирж байгаа зочид, хөгжөөн дэмжигчдийг дэмжих зорилготой “Fan 2018” арга хэмжээ энэ Даваа гариг буюу зургаадугаар сарын 11-нээс хэрэгжиж, тэмцээнийг дуустал үргэлжилнэ хэмээн Москва хотын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

360 рублиэр гурав хоног Москва хотод байгаа дугуй түрээсийн газраас дугуй түрээсэлж болох бөгөөд нэг удаадаа нэг цагийн дотор үйлчлүүлэх учиртай. Харин нэг цагаас илүү гарвал ердийн тарифаар төлөх ёстой ажээ.

Тэмцээн үзэхээр ирсэн зочид, хөгжөөн дэмжигчид дугуй түрээслэн Москва хотын түүхэн дурсгалт газруудтай танилцах боломжийг олгох зорилгоор ийнхүү үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Москва хот 2013 оноос дугуйн түрээсийн газруудыг ажиллуулж эхэлсэн бөгөөд жил ирэх тусам эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа юм. Анх түрээсийн 79 цэг ажиллаж байсан бол өнгөрсөн жил 380 болжээ. Энэ онд нэмж 50 цэгийг байгуулах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж