Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өнгөрөгч долоо хоногт Оросын Холбооны Улсын Санкт Петербург хотноо хуралдсан “Олон улсын санхүүгийн XXVII чуулган”-д оролцлоо. Чуулганаар банк, даатгал, тэтгэвэрийн сан, бичил санхүү, хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг хангах асуудлыг хөндөн ярилцаж, тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх гарц, хөгжлийн стратегийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага өрнөв.
Чуулганы үеэр Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ээс Зүүн Европ, Төв Азийн санхүүгийн хүртээмжийн зөвлөлийг байгуулахтай холбоотой асуудлаар өндөр түвшний уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад манай улсын болон ОХУ, Киргизстан, Армен, Беларусь, Казакстан Улсын Төв банк, санхүүгийн зохицуулах байгууллагын тэргүүн, тэргүүн дэд ерөнхийлөгч нар, мөн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх удирдлага оролцлоо.
Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг өнөөдрийн байдлаар Африкийн, Өмнөд Америк болон Карибын тэнгисийн арлуудын, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн, Номхон далайн арлуудын гэсэн бүс нутгийн дөрвөн зөвлөлтэйгөөр ажиллаж байна. Зөвлөлүүд бүс нутгийнхаа санхүүгийн хүртээмжтэй холбоотой асуудал, сорилтуудад түлхүү анхаарал тавьж, хамтран ажиллаж шийдвэр гаргадаг. Ингэснээр бүс нутгийн онцлогийг санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн зорилготой уялдуулах, гишүүддээ илүү зохистой, ач холбогдолтой бодлого боловсруулах нөхцлийг бүрдүүлдэг.
Нийгэмлэгийн өндөр түвшний уулзалтаар шинээр байгуулах Зүүн Европ, Төв Азийн бүсийн зөвлөлийн дүрэм, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Хорооны дарга С.Даваасүрэн энэ үеэр санхүүгийн зах зээлийн хөгжилд хөрөнгө оруулагчдын итгэл, санхүүгийн боловсрол чухал бөгөөд үүний зэрэгцээ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн хөгжүүлэх нь нэн шаардлагатай хүчин зүйл болж буйг онцолсон юм. Ингэснээр Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, цахим санхүүгийн үйлчилгээ буюу финтекийг хөгжүүлэх гэсэн хэсэгтэйгээр батлахаар тогтов.
Эх сурвалж: СЗХ