“Цөвүүн цаг”-т уншчихмаар цөөхөн туужийн нэг “Нохойн зүрх”

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

“Цөвүүн цаг”-т уншчихмаар цөөхөн туужийн нэг “Нохойн зүрх”

“Цөвүүн цаг”-т уншчихмаар цөөхөн туужийн нэг “Нохойн зүрх”

Сураг

Уран зохиолын амтанд автаад ирэхлээр энэ ч номыг уншихсан, тэр ч номын барааг нь ч гэсэн харахсан, болж өгвөл хуудаслахсан тэгээд цааш нь…гэх хүсэл номын  “дон”-д автдаг.  Тийм л нэг цаг үед уран зохиолд шимтэн дурлагчдын дунд Орос – Зөвлөлтийн утга зохиолоос ойж холоо гарсан мөртлөө олддоггүй, уншиж болдоггүйн эрэлд хатаасан цөөнгүй зохиолчдын номын сураг гардаг байлаа. Тэдний нэг бол М.Булгаковын ”Мастер, Маргарита хоёр”, “Нохойн зүрх” тууж юм.

Судлаачийн амнаас сонссон үнэн

1986 онд юмсан. Өөрчлөлт, шинэчлэлтийн тухай яриад эхэлчихсэн үе. Монголын Зохиолчдын Хороо жил болгоны хавар уран бүтээлийн зөвлөлүүдийн “7 хоногийн онолын семинар” хийж, зохиолч, шүүмжлэгчдийнхээ мэргэжлийг дээшлүүлдэг байлаа. Тэр жил “Шүүмж – судлалын зөвлөл”-ийн хариуцах жил. Гадаадаас нэртэй эрдэмтдийг урьж, ном тавиулах ээлж тохиовой. Тэгээд ЗХУ-аас тэр үедээ утга зохиол судлаачдын нэг их танил биш Мариэтта Омаровна Чудакова гэдэг профессорыг урьж таарсан юмдаг. Өөрчлөлт, шинэчлэлтийн тухай яриа ид өрнөж байсан болохоор шинэ үг сонсох гэсэн хүсэлтэй.

Ном тавих сэдэв нь “М.Булгаковын амьдралын зам, уран бүтээлийн холбоо”. Тухайн цагийн утга зохиолын мэргэжилтэн биднийг их, дээд сургууль, түүний дараах элдэв сургалтад хамрагдаж байхад дуулдаагүй шахам зохиолчийн нэр, зохиол. Тэрбээр М.Булгаковын зохиолыг бүтнээр нь яриагүй ч зохиолчийн амьдралын зам нь их сонин, уран бүтээлд тусгасан дүр нь байж боломгүй явдал, ёгтлол, егөөдлөөс бүтсэн дүр байдаг тухай сонсоцгоолоо. Энэ маань өнөөх реалист зарчмаа чанад баримтлахыг эрмэлздэг зохиолч, судлаач, яруу тайлбарчдад итгэхэд бэрх, сонин, содон зүйл байжээ.

Өнөөх тэр үедээ нэр бага дуулдсан эрдэмтэн маань “М.Булгаков” гэдэг цоо шинэ ертөнц рүү алхаж орсон анхны эрдэмтэн юм байж.

Европ, өрнө дахинд нууцаар шахам гадагшлаад дэлгэрсэн М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”, “Нохойн зүрх” зохиолуудыг ХХI зууны эх гаргаж байж унших хувь тохиолоо. Энэ удаад идэрхэн орчуулагч М.Сугар-Эрдэнийн оюун, сэтгэлээ чилээн байж уншигчиддаа хүргэж байгаа, ”Нохойн зүрх” туужийн тухай хэдэн үг хэлэхсэн гэж бодлоо.

Яагаад тэр билээ гэвээс орчуулагч нь идэр, зохиол нь бидний өмнө нь барьж аваад нэг амьсгаагаар шударчихдаг тууж биш. Мөрөөс мөр, өгүүлбэрээс өгүүлбэрт нэг талаас уран зохиол, нөгөө талаас эрдэм шинжилгээний туршилт, таамнал, ёгтлол, егөөдлөөр илрэх дүрийн эргэцүүлэл юм.

Харин орчуулагч адармаатай энэ зохиолын уран сайхныг уншигчиддаа боломжийн түвшинд хүргэж чадсан учраас дахин, дахин уншууштай, эрдэмтэн, хүн-нохойн хоорондын харилцаа, шинжлэх ухаанаар бүтээсэн хүний дүр, оюун бодлыг яаж ийм чадварлагаар буулгасныг дахин, дахин уншиж эргэцүүлүүштэй санагдана.

“Нохойн зүрх”-нд хувьсгал, нийгмийн өөрчлөлт, хувь хүн, хүн-нохойн зан төрх, ааш араншин гээд хөндөөгүй юм гэж үгүй.

Туужийн үйл явдлыг хөтөлж байгаа Профессор Филипп Филиппович, туслах доктор Иван Арнольдович Борменталь, эмнэлгийн туслах ажилтан Зина, тогооч Дарья Петровна, өнөөх санаандгүй юм шиг мөртлөө санамсартай олж авсан “халуун усанд шалзарсан Шарик нохой” гээд анхаарал татахгүй юмгүй. Тууж эхлэхэд “…ү –ү- ү-ү –ү- гү- гүг-гүү. Хөөе, намайг хараач. Би үхэж байна… Дүүрчээ би, би дүүрч. Ардын аж ахуйн зөвлөлийн төвийн ажилчдын хоолны газрын бохир малгайтай новшийн тогооч буцалсан ус цацаад зүүн талыг минь шалзалж орхилоо. Ямар өөдгүй амьтан бэ? Бас тэгээд Пролетари гээд байгаа шүү….” \Туужийн 13-р тал\ .

Өнгөцхөн уншвал хэнд ч хэрэггүй зүгээр л шалзарч түлэгдсэн золбин нохойн гасланг нохойн үгээр өгүүлсэн мэт.

Харин уран зохиол гэгч амьдралыг яг байгаагаар нь хуулдаггүй утга зохиолын онолд дурдсанаар “уран утга” оруулдаг онолын үүднээс үзэх юм бол үг болгоны цаана ирж байгаа цагийг хүлээж авах авахгүйн тухай үзэл бодол, зэвүүцэл жигшил. Цөвүүн цаг хүнд байтугай нохойд ямар жихүүн, ямар хорсолтой эхэлж байгааг өгүүлж үү гэлтэй.

Ахиулсхийгээд уншихад “…Ноёнтон шуургатай гудамжаар шийдэмгий нь аргагүй гараад хаалганд дөхөөд ирлээ. Тиймээ би түүнийг сайн мэдэж байна. Энэ бол ялзарсан мах гудрахгүй, хаа нэгтээ тийм мах өгчихвөл бөөн хэл ам гаргаж сонинд “Надад Филипп Филипповичид ийм хоол өгсөн” гэж шуугиан тарих хүн байлаа… Энэ ноёнтон хангалттай иддэг, хулгай хийдэггүй, өшиглөж зодоод байхгүй, хэнээс ч айдаггүй, яагаад гэвэл үргэлж цатгалан байдаг хүн. Оюуны ажил хийдэг, үзүүр нь нарийссан, соёлтой хууз, франц рыцарь шиг буурал, сэвсгэр сахалтай хүн байлаа. Гэхдээ салхи даган түүнээс эмнэлгийн муухай үнэр ханхална. Бас тамхи…, \18-р тал\.

М.Булгаков бүхнийг ил энгийн мөртлөө далд, далд юмаа гэтэл ил үзүүлж. Туужийн турш гарах дүрээ нэг дор гадаад талаас нь цувруулан тоочсонгүй, гудамжинд үхэх сэхэхийн дэнсэнд хэвтээ нохойн мэдрэхүй, нохойн харснаар уншигчдад хүргэж байгаа нь реалистуудаас эрс  өөр барилтайг харуулнам.

Энэ бүхнийг мэдээд байгаа нохойг шаналандаа тарчилж байхад тонгойж хараад “Шарик” гэж дуудсан хүн бүсгүй байсан.

Одоо сониучирхаж “…Хүзүүвч байхгүй сайн байна. Чи, бид хоёрт энэ л хэрэгтэй…,, \20-р тал\ хэмээн хэлээд хуруугаараа инчдэж байгаа ноёнтон ч “Шарик” нэр хайрлав.

Шарикийн ачлалт эзэн нь Филипп Филиппович, тархинд нь өөрчлөлт орсон ч гэсэн нохойн зөнгөөрөө тэмцэж буй өстөн дайсан нь муур, харин өнчин тархины өөрчлөлт орсноос хойш нөхөрлөсөн хүн нь сууц эзэмшигчдийн зөвлөлийн дарга Швондер, түүний албатууд.

Эд бүгдийн хооронд өрнөж байгаа зөрчил, тэмцлийг үгийн оноч-уран сайхны нэгдлээр орчуулж чадсан нь М.Сугар-Эрдэнэ. М.Сугар-Эрдэнийг “Нохойн зүрх”-ийг орчуулахад юу дөхөм байсан бэ? гэвэл балчир бага наснаасаа дэлхийн сонгодог зохиолыг уншиж мэдрэх орчинд өсөж хүмүүжсэн нь нөлөө болж уу гэлтэй.

Уран зохиол, тэр тусмаа “Нохойн зүрх” мэт адармаатай зохиолын уран утгыг гаргахад тухайн зохиолын үг, өгүүлбэрийг нарийвчлан ойлгохоос гадна ерөөсөө уран зохиолын ил болоод далд чанарыг ухаарч ойлгосон байх нь их чухал юм шиг санагддаг. Тиймээс “Нохойн зүрх”-ийг орчуулагчид утга зохиолын онол, уран зохиолын талаарх өргөн мэдлэг тусалжээ гэж хэлэх гээд байгаа юм.

Өөр нэг тэмдэглэх зүйл бол яагаад өнөөдөр “Нохойн зүрх”-ийг орчуулах, унших ёстой гэж.

Манай уншигчдад нийтдээ жинхэнэ уран зохиолын амтыг мэдрэх замаар нийгмийн эргэлт, түүнийг дагасан урвалт, хөрвөлтөөс өөрийгөө авч гарах, мэдрэх чадвар илт үгүйлэгдэж байгаа юм. Чухам ийм үед он цагийн шалгарлыг давсан уран зохиол, тэр тусмаа “Нохойн зүрх” мэт шинжлэх ухаан танин мэдэхүй, зөн совин, ёр ёрлол, егөөдлөөр дамжуулсан дүр бүхий уран зохиол зүйрлэшгүй ач холбогдолтой.

Профессор Филипп Филиппович Преображинскийн “гайхамшигтай туршилт хүний тархины нэгэн нууцыг тайлсан явдал”, “Энэ цагаас эхэлж өнчин тархины нууцын үүрэг тайлагдлаа, Өнчин тархи хүний төрхийг тодорхойлдог…”-ийг мэдэрснээр хүн төрхтэй, нохойн зүрхтэй хэзээнээс Шарик хэмээн дуудуулагч Полиграф Полиграфович овог зүүж, “ачтан”-даа “бачтан” болж, бачтандаа анд нь болж байгаа талаар зохиолчийн эгдүүцлийг аль ч үеийнхэн мэдэж, мэдэрч явмаар.

Чухам үүний тул “Цөвүүн цаг”-т уншууштай цөөхөн туужийн нэг, “Нохойн зүрх”-ийг М.Сугар-Эрдэнийн орчуулгаар суун уншиж ,тунгаан эргэцүүлүүштэй ажгуу.

МУСГЗ,Утга зохиол судлагч Ч.Дагвадорж 

2018 – 06 – 11.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж