Наадам хийлгэ, Бөхийн холбооныхон

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Наадам хийлгэ, Бөхийн холбооныхон

Наадам хийлгэ, Бөхийн холбооныхон

Бөхийн холбооныхны хэрүүлээс болж, монголчууд энэ жил бөхгүй наадам хийж мэдэхээр байна. Хийлээ гэхэд төвшин наадах шинж алга.

Дөрөв хоногийн өмнө Шадар сайд Ө.Энхтүвшин Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүдийг хүлээн авч уулзан, төр түмнээ хүндэтгэн, маргаанаа зогсоохыг хүссэн байдаг.  Аваргууд ч дуу нэгтэйгээр маргаан будилаангүй сайхан наадъя гэж санал нэгдэн, уулзалтаа өндөрлүүлсэн.  Гэвч “Гачуурт”-ын Л.Чинбатаар удирдуулсан Бөхийн холбооныхон дахин маргааны гал өрдөж, өчигдөр Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт хандан гомдол хүргүүлжээ.  Түүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь албан ёсны тамга тэмдэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн манай холбооны төлөөллөөс наадмын комисст оруулахгүй, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг оруулж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссыг Засгийн газрын тогтоолд зааснаар байгуулдаг дэгтэй. Өөрөөр хэлбэл, дан ганц Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “тоглолт”-оор наадмын комисс бүрдүүлэх боломж угаасаа байдаггүй. Аль ч Засгийн газрын үед Баяр наадмыг зохион байгуулах комисс нь Засгийн газрын тогтоолд  заасанчлан Шадар сайд ахалж, орлогчоор нь нийслэлийн Засаг дарга ажиллаж, бүрэлдэхүүнд нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар багтаж ажилладаг.  Бөхийн холбооноос төлөөлөл оруулдаггүй юм.

Харин ялсан нам нь засагладаг болохоор Баяр наадмыг зохион байгуулах комисст нэг намын хүмүүс ажилладаг тогтолцоо бол бий. Энэ бол одоо бий болсон гажуудал биш, олон жил явж ирсэн тогтолцоо. Засъя гэвэл Засгийн газрын тогтоолоо өөрчлөхөөс өөр аргагүй.

Ийм байтал асуудлыг мушгисан нь өнөөх л байшин тойрсон хэрүүлээ наадмаар далимдуулж, үргэлжлүүлэн, барьцаа ахиулах санаа байна уу гэж хардаж болохоор.

Уг нь тэд холбоогоо олон нийтэд зөвшөөрүүлье гэж бодож байгаа бол Р.Нямдоржийн удирдсан холбооноос илүү шударга үйл ажиллагаа явуулж, бөхөөр тогтохгүй ард түмнээр хүрээлүүлж, итгэл олж авч болно.  Гэтэл авч ч болохгүй, хаяж ч болохгүй хэрүүл хийсээр хэдэн сарын нүүр үзэв.  Эцэстээ наадам зохион байгуулах ажил руу хүртэл хошуу дүрэх янзтай.  Одоо больж, үз. Хэрүүлээ зогсоо.  Тэр энэний төлөөллийг тийм ч зүйлд оруулах нь гэсэн явган хэрүүл үнэндээ залхааж байна.

Начны найраа, допингийн бизнес гэх мэт зүйл нь үнэхээр байдаг, түүнийгээ цэгцлэхийг хүсэж байгаа юм бол авлига авсан, өгсөн хүмүүсээ нэртэй устай, баримттай нь хуулийн байгууллагад өгч, шалгуул.

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраар хүлээн зөвшөөрүүлчихсэн холбоо явган хэрүүл хийж, бусдын ад болох хэрэггүй.

Мөн Б.Бат-Эрдэнэ аварга холбоог удирдаж байгаа юм бол удирдсан шиг удирдаад ажиллах цаг нь болсон. Хэн хэзээ цол хураачих юм бол гэсэн шиг эмээж ажиллах хэрэггүй шүү дээ.

Төр түмнээ хүндэтгэж, будилаангүй наадам хийе гэж аваргууд нь холбоотойгоо санал нэгдсэн юм бол бөхчүүдээ бэлтгэлд нь гарга.

Ард түмэнд тайван наадах боломж  олго.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж