Залуу та ажил хийж, орлого олсноор наад захын үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг уу? Таны ажил, хөдөлмөр, танай гэр бүл болон эргэн тойрны хүмүүст ашиг тусаа өгч байна уу? Та зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийн талаар хэр сайн мэдэх вэ? Залуучууд хөдөлмөрийн зах зээлд анх хөл тавихдаа энэ талын ойлголт мэдлэг хомс байдгаас тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөх шалтгаан болдог аж. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн жил залуучуудын дунд ажилгүйдэл 29.6 хувьтай байсан байна.
Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэл хамтран “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Дархан-Уул аймагт “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт” сургалтыг ажил хайгч, албан бус хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч болон хөдөлмөр эрхлэгч 300 гаруй залууд сургалт зохион байгуулж байна.
Сургалтаар гэр бүл, хүүхдийн хөгжилд тулгамдсан асуудал, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлтэй ажиллах зэрэг сургалт зохион байгуулж, багаар ажиллуулж байгаа ажээ.
Түүнчлэн төслийн хүрээнд залуусын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн ажиллаж байгаа бөгөөд 35 хүнийг чиглүүлэгч багшаар бэлтгэжээ. Эдгээр багш Дархан-Уул болон Улаанбаатарт сургалт зохион байгуулах юм байна.
Зохистой хөдөлмөр нь ажлын байранд нас, хүйс, арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл эсвэл бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхахгүй байхаас эхэлнэ. Цаашлаад хангалттай цалин хөлс, ажлын байрны аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, өөрийгөө хөгжүүлэх боломж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, тэгш эрх, боломжоор хангагдах зэрэг нь багтдаг ажээ.
Р.Ренчиндулам