Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Мексик-1986

Мексикчүүд хөлбөмбөгийн спортод хайртай ард түмэн юм. Өмнө нь дэлхийн аваргыг нутагтаа хоёр удаа зохион байгуулсан улс гарч байгаагүй бол Мексик улс 1970 оноос хойш 16 жилийн дараа дэлхийн аваргыг нутагтаа хүлээн авснаар дэлхийн аваргыг хоёр удаа зохиосон анхны улс боллоо. Гэхдээ энэ удаа зохион байгуулалтын форматын хувьд 1970 онынхоос арай өөр хэлбэрт орсон байлаа. Дөрвөн жилийн өмнө Европ тивд зохиогдсон тул 1986 оны дэлхийн аварга Америк тивийг зорих нь нэгэнтээ тодорхой байлаа. Ингээд Хойд Америкийн Канад, АНУ болон Мексик улсууд ФИФА-д хүсэлтээ өгсөн бөгөөд Мексикчүүд санал нэгтэйгээр 1986 оны дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийг авсан.Мексик-1986 дэлхийн аваргад Канад, Дани, Ирак улсын шигшээ багууд анх удаагаа оролцсон байдаг.

Мексик-1986 дэлхийн аварга нь таван тивийн 24 улс оролцсон 2 дахь удаагийн тэмцээн байсан бөгөөд зохион байгуулалт нь 1982 оныхоос арай өөр болсон. 1982 онд Испаний болсон ДАШТ-нд 6 хэсгээс эхний 2 баг нь дараагийн шатанд шалгарч, дахин хэсэгт хуваагдсан. Ингээд 12 баг 4 хэсэгт хуваагдан хэсгээ тэргүүлсэн 4 баг нь шууд хагас шигшээд тоглох эрхээ авч байсан. Тэгвэл Мексик-1986 ДАШТ-нд 6 хэсэг тус бүрээс онооны байдлаар эхний 2-3 багийг дараагийн шатанд буюу хасагдах шатанд өрсөлдөх эрхийг олгосон. Ингээд хэсэг бүрийн эхний 2 баг дээр нэмэгдээд А хэсгээс Болгар, В хэсгээс Бельги, E хэсгээс Уругвай, F хэсгээс Польшийн шигшээ багууд 3-р хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авсан.

1986 оны дэлхийн аварга бол алдарт Д.Марадонагийн “Бурханы гар”-аар хожмоо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Д.Марадона тэргүүтэй Аргентины шигшээ баг 1/4 шигшээд Английн эсрэг тоглолтын 2-р хасагт Х.Валданогийн дамжуулсан бөмбөгийг Д.Марадона гараараа хаалганд оруулсан байдаг. Энэ гоол нь хожмоо “бурханы гар” хэмээн алдаршсан. Тус тоглолтонд Аргентины шигшээ баг Д.Марадонагийн оруулсан 2 гоолоор Английн шигшээ багийг буулган авч хагас шигшээд шалгарсан юм. Английг буулгаж авсан Аргентины шигшээ баг хагас шигшээд Бельгийг 2-0 харьцаатай буулган аваад аваргын төлөө Баруун Германы багтай шалгарч үлдсэн.

Медалийн төлөөх тоглолт:

Алтан медаль:

  • Аргентин 3-2 Баруун Герман (Х.Браун 23’, Х.Валдано 55’, Х.Буррачага 83’, К.Румменигге 74’, Р.Фёллер 80’)

Хүрэл медалийн төлөөх:

  • Бельги 2-4 Франц

Аргентины шигшээ баг шигшээ тоглолтонд Хорхе Буррачагагийн оруулсан гоолоор Баруун Германыг буулгаж авснаар 2 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртлээ. Ингэснээр Аргентины шигшээ баг Уругвай, Итали, Бразил, Баруун Германы араас дэлхийн аваргыг 2 удаа хүртсэн 5 дахь улс болсон юм.

Мексик-1986 дэлхийн аваргын тухай товчхон:

  • Мексик улс 1970 оноос хойш 2 дахь удаагаа дэлхийн аваргыг хүлээн авлаа.
  • Анх удаагаа оролцсон Данийн шигшээ баг хэсгээ 3 хожилтой хэсгээ тэргүүлж шөвгийн 16-д шалгарсан
  • Английн шигшээ багийг довтлогч Г.Линекер 6 гоол оруулж мэргэн бууч болсон
  • Тэмцээний шилдэг тоглогчоор Аргентины шигшээ багийн тоглогч Д.Марадона шалгарсан бол шилдэг залуу тоглогчоор Бельгийн 20 настай Э.Шифо тодорсон
  • Тэмцээн 9 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 5 сарын 31-нээс 6 сарын 29-ний өдрүүдэд үргэлжилсэн
  • Нийт 2 сая 394 мянга гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд ирж үзсэн нь тухайн үедээ дэлхийн аваргын рекорд амжилт болсон

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж