Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө хоёрхон хоног үлдлээ. Тэгвэл уг арга хэмжээний нээлтэд Бразилийн домогт од Роналдо, Английн поп дуучин Робби Уиллиямс нар оролцохыг дэлхийн хөлбөмбөгийн холбооноос өчигдөр /2018.06.11/ зарлалаа.
Робби Уиллиямстай хамтран Оросын сопран дуучин Аида Гарифуллина дуулах юм байна. Мөн тоглолтод төгөлдөр хуурч Денис Мацуев, дэлхийн дуурийн од Анна Нетребко болон бусад уран бүтээлчид оролцох ажээ.
Энэ жилийн нээлт өмнөх жилийнхээс өөр форматаар явагдах гэнэ. Нээлт хамгийн эхний ОХУ-Саудын Араб улсын тоглолтоос өмнө ердөө хагас цаг үргэлжлэх бөгөөд урлаг соёлын үзүүлбэр дээр түлхүү анхаарч байгаагаараа онцлог болно гэжээ.
Лужник цэнгэлдэх хүрээлэнгийн нээлттэй зэрэгцэн Оросын төв талбай болох Улаан талбайд концертын арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Үүнд 500 гаруй бүжигчид, уран гимнастикчид оролцоно гэжээ.
Нээлтийн урлаг соёлын тоглолтын зохион байгуулагчаар Оросын алдарт кино найруулагч Феликс Михаилов ажиллаж байгаа бөгөөд одоогоор Роналдогийн нээлтэд толилуулах үзүүлбэрийн талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Telegraph