Дундаж цалин  нэг сая төгрөгт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

Дундаж цалин  нэг сая төгрөгт хүрлээ

Дундаж цалин  нэг сая төгрөгт хүрлээ

Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр /2018.06.12/ 2018 оны эхний таван сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. 

Улсын нэгдсэн  төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний тавдугаар сард 3.3055  их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.2600 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 647.2 (28.1%)  тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад худалдаа энэ оны эхний таван сард дэлхийн 131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.9 тэрбум ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.доллар хүрчээ.

Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасныг хүргэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны нэгдүгээр улиралд нийт 38.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 602.0 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх улирлаас 0.3 (0.7%) мянгаар нэмэгдэж, ажиллагчид 11.8 (1.9%) мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын:

  •   43.4 (7.2%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 130.6 (21.7%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 227.4 (37.8%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 96.2 (16.0%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай,
  • 23.2 (3.8%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 81.3 (13.5%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлсийг бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажилчид 13.9 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажилчид 11.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажилчид 0.7 мянгаар нэмэгджээ.

Ажиллагсдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл: Хангайн бүсэд 860.1 мянган төгрөг, Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг, Зүүн бүсэд 716.3 мянган төгрөг, Баруун бүсэд 646.9 мянган төгрөг  Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин 1.1 сая байгаа нь улсын дунджаас 118.3 мянган төгрөгөөр дээгүүр байна.

Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 609.1 мянган төгрөг байна.

Тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагсдын сарын дундаж цалин 625.9 мянган төгрөг, 10-49 ажилтантай нь 781.3 мянган төгрөг, 50-99 ажилтантай нь 869.5 мянган төгрөг, 100-199 ажилтантай нь 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажилтантай нь 1.5 сая төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 998.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.2 (4.1%) мянган төгрөгөөр нэмэгдэж, 2017 оны 4 дүгээр улирлаас 40.5 (3.9%) мянган төгрөгөөр буурчээ. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын цалин 807.5 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагсдынх 821.2 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагсдынх 747.4 мянган төгрөг, хоршоонд ажиллагсдынх 477.8 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 177.2-520.6 мянган төгрөгөөр доогуур байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад инфляц 6 хувиар өсчээ. Ийн өсөлттэй гарсан нь төмс, хүнсний ногооны нийлүүлэлт өдий үед буурдагтай холбоотой гэдгийг ҮСХ-ноос тодотгов. Түүнчлэн өрхийн хэрэглээний усны үнийг тавдугаар сараас шинэчилж тооцох болсон нь өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индекс буюу инфляц өсөхөд нөлөөлсөн гэв. 

Тодруулбал, өнгөрсөн сараас эхлэн орон сууцны өрхүүд нэг метр куб цэвэр усанд 620 төгрөг (өмнө нь 605 төгрөг байсан), бохир усанд 470 төгрөг (330 төгрөг) төлөхөөр болсон. Цэвэр усны үнийг 2.5 хувиар, бохир усны үнийг 42 хувиар нэмжээ. 

Байгууллагудын усны үнэ хэрхэн нэмэгдсэнийг зургаар харуулъя. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж