УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг нь хэлэлцлээ. Төрийн өмчит 27 компанийн хувьчлах үндсэн чиглэлийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ажлын хэсэг байгуулж, энэ асуудалд нухацтай хандах ёстой гэдгийг хэлж байлаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд бид нухацтай хандах ёстой. Учир нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын төр хувьчлалаар юунд хүрсэн бэ гэдэгт нэг удаа дүгнэлт хийх цаг нь болсон. Төрийн өмчит компаниуд ялсан намын бялуу хуваадаг, сонгуулийн санхүүжилтээ босгодог л газрууд болсон. Хувьчлалыг ярих нь зөв ч бид нийтэд нь нэг зарчмаар хувьчлах нь буруу. Энэ асуудлаар ажлын хэсэг нухацтай ярилцах ёстой.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Дэлхийн зарим улс орнууд стратегийн компаниудаа иргэдийн оролцоотой, нээлттэй хувьцаа гаргаж, хувьчилдаг. Энэ нь дундаж давхаргыг бий болгох, иргэдийг ажлын байраар хангах гээд олон ач холбогдолтой байдаг. Бид хувьчлал ярихдаа дэлхийн жишгийн дагуу асуудлыг оруулж ирж, өргөн хүрээнд нь бодож, харах цаг болсон. Тиймээс энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулах нь зөв. Ажлын хэсгийн хүрээнд нэг компанийг хувьчлахад цаашдын үр дүн, гарах үр дагаварыг нь зөв тооцоолж, хувьчлалыг ярих ёстой юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ бас хэд хэдэн санал байна. Тухайлбал, оруулж ирж байгаа бүх компанийг нэг зарчмаар хувьчлах, ерөнхий зарчмаар оруулж ирж байгаа нь буруу.
Ингээд гишүүд үг хэлсний дараа ажлын Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийсэн юм. “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг Санхүүгийн тогтвортой зөвлөлөөр батлуулах ажлын хүрээнд стратегийн төслийг Сангийн яам болон бусад холбогдох газруудаас санал авчээ. Зээлийн хүүг бууруулах стратегийг зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулсан. Энэхүү стратеги нь бизнес эрхлэх санхүүгийн таатай орчинг бүрдүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох алсын зорилготой аж. Энэ хүрээнд,
Зээлийн хүү буурах макро орчинг бүрдүүлэх
Мөнгөний бодлогын хүүгийн шилжих нөлөөг нэмэгдүүлэх
Банкны салбарын эрсдэл даах, үр ашиг болон засаглалыг сайруулах зорилгоор 11 дэд зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь орлогын түвшинтэй бусад орнуудын хүүгийн түвшинд хүрэх буюу одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах боломжтой гэж харж байна. Энэ стратегийг 2018 оноос хэрэгжүүлж эхлэх нь цаг хугацааны хувьд зохистой үе гэж харж байна. Учир нь манай банкны салбарт активын чанарын үнэлгээ хийгдэж, түүнд суурилсан банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч байна. Үүний үр дүнд эрүүл, хүчирхэг банкны салбар нь зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний үр дүн нэмэгдэхэр эерэг нөлөөлнө” гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Зээлийн хүүг бууруулах ажил иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Монгол Улсын зээлийн хүү олон улсын дунджаас таван хувиар өндөр байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн болон захиргааны аргыг хослуулах ёстой. Бусад орнуудад зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон, түүнийг зохицуулсан хууль, эрхзүйн орчинтой байдаг. Нөгөөтэйгүүр, зээлийн хүүг бууруулах ажлыг ойрын хугацаанд батлуулах хэрэгтэй. Удвал улстөрчид тоглолт хийж, зээлийн хүүг бууруулах нэрийдлээр олон хуулийн төсөл өргөн мэдүүлнэ” гэлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх нь зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой хэмжээний захиргааны арга хэрэглэх нь зайлшгүй юм. Тухайлбал, сүүлийн саруудад цалин, тэтгэврийн зээл зэрэг хэрэглээний шинжтэй зээл өсч байгаа. Тиймээс тэтгэврийн зээл олгохдоо тухайн иргэний нийт тэтгэврийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээгээр олгоно зэрэг заалт оруулах гэх мэт зохицуулалт оруулна гэсэн хариулт өглөө.
Хадгаламжийн хүүг бууруулаагүй тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дурдлаа. Хадгаламжийн хүүг бууруулах нь стратегийг хэрэгжүүлэх хамгийн чухал асуудал гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцолсон юм. Мөн стратегийн төсөлд хадгаламжийг хүүг бууруулах тодорхой зохицуулалт тусгасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэхээр болсон. Учир нь тус хуулийн төслийг Засгийн газраас нууцаар өргөн барьсан юм.
Ш.ЧИМЭГ