Энэ сарын 16-ны өдөр “Хуур” хөгжмийн фестиваль болно. Зохион байгуулагчдын зүгээс фейсбүүк хуудсаараа лайв хийн шоунд оролцох уран бүтээлчдээс үзэгчдэд ямар уран бүтээл хүргэх, шоуны онцлогийн талаар ярилцаж байгаа. Тэгвэл өчигдрийн /2018.06.11/ дугаарт дуучин Д.Уламбаяр буюу Ука, “Voice” шоуны ялагч Ц.Энгүүн болон реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцээ нар оролцлоо. Гэвч энэ үеэр дуучин Ука бүдүүлэг зан гаргаж, Цэцээг хүндэтгээгүй гэсэн шүүмжлэлийг үзэгчдээс сонсоод байгаа. Фенүүд нь түүний энэ үйлдэлд урам хугарсан гэдгээ цахим хуудаснаа илэрхийлсэн юм.
Учир нь ярилцлагын үеэр хөтлөгч Цэцээгээс асуулт асуух үеэр дуучин Ука зэрэгцэн лайв хийж, Ц.Энгүүнтэй өөр зүйл ярин бүдүүлэг үйлдэл гаргажээ. Цэцээ тэссэнгүй, Укад хандан ‘ Би ярьчих уу, түр чимээгүй байж болох уу’ хэмээн хэлсэнд Ука “Бид хоёр гараад байж байя” хэмээн Ц.Энгүүний хамт студийг орхин гарсан юм. Ука удалгүй суудалдаа эргэн суусан ч Цэцээ бухимдсандаа студийг орхин гарсан.
Зохисгүй авир гаргасан Ука энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Тоомжиргүй байдал гаргасандаа үзэгчдээсээ уучлалт хүсэж байна. Дараа нь бичлэгээ үзээд өөрөөсөө их ичлээ. Хөгжилтэй байна гэж бодсон ч Цэцээ хүндээр хүлээж авсан. Дараа нь Цэцээтэй утсаар яриад эвгүй байдалд оруулсандаа уучлалт хүссэн. Сөрөг комментуудыг унших их хэцүү байна. Ийм үед битгий муухай үгээр доромжлооч” хэмээн нулимс унаган, хоолой зангируулан ярьжээ. Гэвч дээрх болсон явдал олны анхаарлыг “Хуур” хөгжмийн фестиваль руу хандуулах гэсэн оролдлого ч гэж хардах хэсэг бас байна.
Э.Бурам