Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

76:1
Туфльтэй лидер

‘Ньюс’ агентлаг “76:1” булангаараа өнөөдөр УИХ-ын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхоролыг онцолж байна. Энэхүү булангаараа 2016-2020 онд парламентад ажиллаж байгаа гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ.


М.Энхболдын танхим дахь хамгийн туршлагатай улстөрч эмэгтэй бол Д.Оюунхорол.  Отгонтэнгэрээр овоглодог нь түүний байгуулсан сургууль, төрж өссөн нутагтай нь ч холбоотой биз. Түүний CV-ыг харахад  УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа ажиллажээ. Чухамдаа дөнгөж   парламентад орж үзэж байгаа нялх сэнгүм, пампарстай бацаануудын дэргэд Д.Оюунхорол бол хал үзэж, хашир суусан улстөрч юм.   Засгийн газрын гишүүнээр ажиллаж,  Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг тодорхойлж байв. Мэдээж, хийсэн, хэрэгжүүлсэн бодлогоосоо болоод олон нийтийн сүлжээнд  сайн муугаараа дуудуулах их. Гэхдээ зарга хийгээд, өөрийгөө өмөөрөөд явдаггүй, баргийн эрээс хоншоортой ч гэж хэлж болохоор. Үнэндээ Монголын улс төрд үг даахгүй, шүүмжлэл авахгүй эрэгтэй улстөрч олон бий.

Төр түшилцэж яваа цөөн эмэгтэйчүүдийн нэг тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болж УИХ дахь хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах дуу хоолой нь болж ирсэн.  Хамгийн сүүлд тэрбээ гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэж, мэдээлэл хийхдээ “Айлын эрх дураараа хүүхдүүд Монголын төрд орж ирчихээд тоглож байдаг ч газар биш. Бидний гол баримталж буй зарчим бол хүчирхийллийн гэмт хэргийг эсэргүүцэн мэдэгдэл хийж байгаа юм. Бид өмнө нь хэн нэгэн улстөрчийг идсэн, уусан, гэмт хэрэгт холбогдсон талаарх дам яриаг сонсож л байсан. Энэ бүхэнд эмэгтэй гишүүд сэтгэлийн хөдөлгөөнөөрөө элдэв мэдээлэл хийж улс төр хийж байгаагүй. Ялангуяа Монголын төрд 20 жил зүтгэхдээ би ийм тоглоомоор тоглож, попорч байсангүй” гэсэн юм.  Түүний хувьд УИХ-ын гишүүд ядаж магистрын боловсрол эзэмшсэн, тодорхой төрийн байгууллагад ажилласан, туршлага дадлагатай байж Монголын төр, ард түмний гүүр болж ажиллах нь зөв гэсэн байр сууринаас ханддаг.

Парламентад байгаа эмэгтэй гишүүд дотроо чуулганы хуралдаан дээр жинтэйхэн үг хэлдэг, түүнийгээ эрчүүдээр хүлээн зөвшөөрүүлж чаддаг зангарагтай эмэгтэй бол Д.Оюунхорол гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Энэ нь мэдээж, олон жил хууль баталж, боловсруулсантай нь холбоотой биз. МАН дахь туфльтэй лидер ч гэхэд буруудахгүй байх.

Тэрбээр гитар тоглох дуртай. Үүнээсээ болж цахимаар багагүй шүүмжлүүлсэн. Гэхдээ энэ бол хувь хүнийх нь хобби. Харин ч “Москва орчмын үдэш” дууг гитар тоглоод маш эвлэгхэн дуулдаг гэж ойр дотныхон нь ярьдаг.

Харин зураг дээр ихэвчлэн нүдээ аниад гарчихдаг нь түүнийг шүүмжлэгчдэд сайхан “олз” болдог.  Үүнийгээ ч тайлбарласан нь “Би нүдээ их цавчдаг. Тиймээс зураг дээр нүдээ аниад гарчихдаг юм шиг байна лээ. Ямар их цавчдаг гээд нүдээ тэвхдэлтэй нь биш дээ” гэсэн товч хариулт.

Гэхдээ ямарч  байсан өнөөгийн улстөрд түүн шиг CV-тэй парламентч эмэгтэй бүү хэл эрэгтэй ч цөөхөн биз. Ингээд түүний CV-тэй танилц.

Төгссөн сургууль, мэргэжил :

  • Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
  • Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
  • Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал :

  • Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
  • Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
  • Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
  • Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
  • Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
  • Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж