“Компанийн засаглал” 10 дахь удаагийн уулзалт өнөөдөр /2018.6.12/ болж байна.
Компанийн засаглал гэдэг нь компанийн удирдлагаас гадна хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, бусад оролцогч талуудын хоорондын харилцан хамаарал. Монгол Улсын хувьд компани тогтвортой үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагч болон зохицуулах байгууллага ямар оролцоотой байгаа, энэ орчныг хэрхэн хөгжүүлэх талаар уг хурлаар түлхүү ярилцлаа.
Компанийг тогтвортой байлгах эсэх нь зөвхөн Монголын асуудал биш
Компанийн засаглалд тулгамдаж буй асуудлын талаар Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Г.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Нийгэм компанийн засаглалыг хэрхэн өөрчлөгдөхийг шаардаж байна вэ?
-Хөрөнгийн бирж болон иргэдийн хандлага бүгд өөрчлөгдөж байгаа энэ үед компанийн засаглал шинэ шатанд гарах үе иржээ. Иргэд компанийн засаглалын ач холбогдлыг ойлгохыг хичээдэг болж. Мөн хөрөнгийн биржид IPO (Initial Public Offering) буюу компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох) гаргаж эхэлсэн болохоор энэ талаар ярилцах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ нь залилан зэрэг эрсдэл үүсэх магадлал бий болгож байна. Тиймээс энэ тал дээр зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Зохицуулагч байгууллагууд маань ч үүнд нэлээд нарийн хандах хэрэгтэй байна. Энэ удаагийн хурлаар зохицуулагч, зуучлагч болон мэргэжлийн байгууллагууд нэгдэн цаашид хэрхэн ажиллах талаар мастер төлөвлөгөө боловсруулж байна.
-Бүх зүйл эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед компани хэрхэн удаан, тогтвортой орших вэ?
-Бүх зүйл хурдтай хөгжих болсон энэ үед таван жилийн төлөвлөгөө гарган ажиллах боломжгүй болжээ. Энэ нөхцөлд компанийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой хадгалах нь зөвхөн Монголын асуудал биш болсон. Монгол Улсын бизнесийн орчин харьцангуй шинэ байгаа. Үүнээс болоод бусад орноос илүү бэрхшээл үүсдэг. Тиймээс компаниуд урт удаан оршихын тулд компанийнхаа засаглалын зарчмыг маш сайн баримтлах ёстой.
-Тухайлбал?
-Төлөөлөн удирдах зөвлөлөө мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж, зөвлөдөг, хянадаг байх хэрэгтэй. Түүнчлэн компанийг мэргэжлийн хүн удирддаг, хүүхдэдээ өмчлөх зөвшөөрөл өгөх гэж байгаа бол эртнээс бэлддэг хэлбэр рүү орох шаардлага тулгарч байна.
-Компанийн үйл ажиллагаанд төр хэрхэн оролцох нь зохимжтой вэ?
-Төрийн оролцоо аль болох бага байх хэрэгтэй. Төр нь зохицуулалтын хэмжээнд оролцдог, ингэхдээ хууран мэхлэлт, авлига зэргийг багасгах зарчмаар оролцвол зохимжтой. Мөн шударга, зөв явж байгаа компаниудаа дэмждэг байх нь зөв.
-Компанид хөрөнгө оруулалт маш чухал. Харин хөрөнгө оруулахад итгэлцэл хэрэгтэй. Энэ үед хэрхэн итгэлцэл бий болгох вэ?
-Шийдвэр гаргахад оролцсоноор итгэлцэл бий болдог. Бодлого боловсруулагчид нь хаалттай байдаг, бусдыг оруулдаггүй, дарангуйлдаг, хянадаг биш. Мөн компани нь зөвхөн өөрийн ашгийн төлөө биш, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг байснаар итгэлцэл бий болно. Дээрх байгууллагууд хууль, төлөвлөгөөг хамтран гаргадаг тогтолцоо руу орох шаардлагатай байна.
Санхүүжилт татахад өрсөлдөөн ихтэй байх шаардлагатай
Хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах талаар Олон улсын санхүүгийн корпорацийн суурийн төлөөлөгч Туен Д.Нгуенээс тодрууллаа.
-Монгол Улс хөгжихөд маш олон төрлийн санхүүжилт хэрэгтэй. Уламжлал ёсоор гол санхүүжилт Засгийн газраас ирдэг байсан. Хөгжил цэцэглэлтийн хөдөлгүүр нь хувийн байгууллагаас гардаг. Хувийн байгууллагад санхүүжилт маш чухал. Түүнчлэн санхүүжилт татахад өрсөлдөөн ихтэй байх шаардлагатай. Өрсөлдөөн чанартай байх нь компанийн засаглалаас шалтгаална. Сайн засаглалтай компанийн мэдээлэл ил тод, үйл ажиллагаа нь үр ашигтай байдаг. Мөн сайн засаглалтай байснаар гаднын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татдаг. Өөрөөр хэлбэл, сайн засаглалтай болох нь тухайн компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах хаалга болдог. Харин Засгийн газар хууль эрх зүйн, тогтвортой хөрөнгө оруулах орчныг бий болгох хэрэгтэй.
Р.Ренчиндулам