“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ивээл дор болж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө.

Эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, зам тээвэр, барилга, банк санхүүгийн хамтын ажиллагааны салбар хуралдаанууд 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохиогдов.

“Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа”-ны нээлтийн ажиллагаа 6 дугаар сарын 7-ны өдрийн үдээс хойш Д.Сүхбаатарын талбайд болж Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Оросын талаас ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нээж үг хэлэв. Үзэсгэлэн худалдааны хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарын дэвшилтэт тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв.

Монгол, Оросын харилцааны хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт 6 дугаар сарын 7-ны өдөр Соёлын төв өргөөнд болов. Гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолтын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин нар үг хэлэв.

И.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн академик чуулга нь дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн чуулга бөгөөд дэлхийн улс орнуудын ардын бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, сурталчилдгаараа дэлхийд алдаршсан байна. Аялан тоглолтын тоогоороо ОХУ-ын Гиннесийн номонд бичигдсэн уг чуулга нь 1942, 1972 онд манай улсад тоглолт хийж байжээ.

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээг зохион байгуулах Монголын Ажлын хэсгээс ОХУ-ын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг 6 дугаар сарын 7-ны орой зохион байгуулав. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов нар үг хэлэв.

Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн, Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 6 дугаар сарын 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болов. Залуу жүдочдын нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин нар баяр хүргэж үг хэлэв.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж