У.Хүрэлсүхийн хасах оноонууд

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн хасах оноонууд

У.Хүрэлсүхийн хасах оноонууд

Хананд биш түүхэнд нэрээ үлдээх асар том амбицтай гарч ирсэн У.Хүрэлсүхийн зоримог байдал, хэлж ярьсан бүхэн Ерөнхийлөгч болон парламентын дунд хайчлагджээ. Олон нийтийн алга ташилт, асар их дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болж байсан түүний нэмэх оноо хасагдаж, эсрэгээрээ хасах оноо нь улам бүр нэмэгдсээр. Бүдэрсэн дээрээ бүдэрнэ гэгчээр уруудсан дээрээ уруудаж яваа У.Хүрэлсүхийн засгийг огцруулах асуудал нь түүний өөрийнх нь цуглуулсан хасах оноонууд нь болж магадгүй  юм.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо У.Хүрэлсүхийн хэлсэн гол дөрвөн санааг эхлээд сонирхуулъя.

Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Ард түмэн ууртай байна.Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.

Харин намын дарга болоод хэлсэн үг нь:

-МАН ямар эрх мэдэлтэй, ямар хүч чадалтай нам бэ гэдгийг бид одоо харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд МАН амжилттай оролцох ёстой. Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно.

-Энэ түүхт намын дарга болж байгаа надад асар их ачаа ирж байна. Төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэл бүгдийг сонслоо.

-Монголын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж ажиллах болно. УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна” .

Гэвч, эргээд У.Хүрэлсүхийн сууж байгаа өндөрлөгөөс харвал түүний нам нь ч, танхим нь дотроо хагаралтай, 32-ын ба 33-ын бүлэг гэх яриа эцэслэгдэх нь бүү хэл эрх баригчдын дундах хагарал, зөрчил улам томорсоор байгааг албан бус бүлгүүдийнх нь явуулж буй улс төрөөс нь амархан гэгч харчихаж болно. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаас МАН-ын дундах ан цав аних боломжгүй болжээ гэдэг нь нэн тодорхой байгаа юм.

Үндсэндээ сүүлийн өдрүүдийн улс төр, эдийн засгийн хүрээнд анхаарал татаад байгаа ШХАБ, Тавантолгой, дээр нь Д.Гантулгын асуудал У.Хүрэлсүхэд томоос том хасах оноог ердөө жилийн өмнө түүний төлөө алга ташиж суусан дэмжигчид нь өгөх болсон нь гол асуудал. Яг ийм эрчтэйгээр хасах оноо цуглуулбал, У.Хүрэлсүх засгаа, намаа ч алдах хэмжээнд очжээ.

Учир нь, У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн хамгийн том хариуцлагатай хийгээд эгзэгтэй цаг мөч нь тохиож буй. Ялангуяа түүнийг унагаах хамгийн боломжит цаг хугацааг сөрөг хүчин болоод эсрэг хүчин яг анаад сууж байгаа нөхцөлд У.Хүрэлсүх улс төрийн хувьд асар том алдаа гаргасан нь ШХАБ-д гишүүнээр элсэх асуудлыг Засгийн газрын төвшинд дэмжсэн гэх явдал. Мэдээж, үүнд ард түмэн уурласан, бухимдсан. Хэдийгээр өөрийнхөө амаар элсэнэ гэдгээ зарлаагүй ч ШХАБ-д элсэх эсэх асуудлаар хаалттай хуралдсан чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд оролцож, өөрийнхөө байр суурийг хэлэхдээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэх. Үүнтэй зэрэгцээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Засгийн газар ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр сууриа хэвлэлээр илэрхийлсэн нь хувь улстөрчдийн биш У.Хүрэлсүхийн кабинетийн бодлого болж харагдсан нь үнэн. Энэ тухай Б.Баабар “Яагаад гэнэт ШХАБ-д элсэхээр болов” гэх нийтлэлдээ “Гэнэтийн санаачлага Монголын Засгийн газрын тэргүүн Хятадад айлчилсан явдлаас үүдэлтэй. Нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн сураг ийм алхам хийхэд түлхсэн бололтой” гэж дүгнэсэн. Ямартай ч, өчигдөр эх орондоо газардсан Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж аюулын эвтэйхэн үгээр байр сууриа илэрхийлээд иржээ.

Энэ асуудал нэгэнт хойно үлдсэн мэт боловч улсаа зарлаа гэх шүүмжлэл У.Хүрэлсүхийн засгийн орших, оршихгүйг шийдэх хасах онооны нэг яах аргагүй мөн. Улмаар 2020 оны сонгуульд МАН-ын эсрэг ашиглах “зэвсэг” ч болж мэднэ.

Нутгийн дүүгээ авч үлдэх асуудлыг бүлэгтээ тулгаж, улс төрийн наймаа хийсэн У.Хүрэлсүх ахиад л бүтэлгүйтлээ. Намын нэг гишүүнээ явуулсан асуудал түүний намын дарга байх үетэй нь холбогдох төдийгүй, тэр тусмаа нөхөн сонгуулиар МАН өвдөг шороодвол намаараа дэнчин тавьж, золиос болгож олж авсан эрх мэдлээ бүгдийг нь нэг дор алдана.

Ядаж М.Энхболд шиг спикерийн алхтайгаа, эс бөгөөс Ж.Эрдэнэбат шиг УИХ-ын сул гишүүний суудалтайгаа үлдэхгүй. Д.Гантулгын асуудал одоо Д.Гантулгын зовлон биш У.Хүрэлсүхийн зовлон болж хувирсан. УИХ-ын гишүүний суудлаасаа түдгэлзэх биш татгалзана гэснээрээ Д.Гантулга улс төрийн, ах нарынхаа зодооноос гарч байгаагаа зарласан гэсэн үг. Одоо энэ асуудал УИХ болон У.Хүрэлсүхийн хоорондох зодоон болж хувирав. Д.Гантулгыг явуулсан ч, эс явуулсан ч У.Хүрэлсүхийн хувь заяа дээсэн дөрөөн дээр байна гэсэн үг. Хэрэвзээ Д.Гантулгын оронд У.Хүрэлсүх өрсөлдөхгүй бол ирэх 2020 онд тэр намаа удирдаж сонгуульд ороход хэцүү. Хэрэв өрсөлдвөл Н.Энхбаярт ялагдах магадлалтай. Яг ийм олон хайч, хасах оноон дунд У.Хүрэлсүхэд ямар ч үнээр хамаагүй ялах ганцхан зам л үлджээ. Түүнд өмнө нь ч сануулж байсан, Харли Дэвидсон унаад давхих нэг өөр, харин засаглах бүүр хэцүү гэж. Тэр хананд биш түүхэнд үлдэхийн хүссэн. Энэ мэт олон хасах оноо нь түүнийг түүхэнд үлдээх нь лавтай, гэхдээ мэдээж хараар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж