Цэгцтэй, цэмцгэр, бараг бүдрэхгүй ч ахимаг насны улстөрчийг алдаж гишгэнэ гэдэгт хэн ч итгэхийг хүсээгүй. Гэвч УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэсэн улс төрийн шийдвэр дээр С.Баярт “дургүйчүүд”-ийн хүч, тэр тусмаа З.Алтайгийн хэлсэнчлэн нам дахь найзууд нь түүнээс алдаа олсон нь АНУ дахь хаусуудын тухай байлаа. Түүний охин үл хөдлөхийн худалдааны чиглэлээр мэргэшсэн, салбартаа бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь аавдаа “түвэг удсан” хэрэг болж, гэнэт хөрөнгөжсөн гэх “номинациар” камерт суулгана гэж хэн ч тооцоолоогүй. Тиймдээ ч “Миний охин долоо байтугай арав гаруй хаустай” гэж гөжүүдэлсэн юм. Гэвч түүнийг хорьчихсон. Гэхдээ 72 цагийн дараа суллана гэсэн шүү дээ. Гэтэл суллагдахаар хувцсаа авчруулчихаад байхад нь үргэлжлүүлэн хорьсоор 60-аад хоног суулгачихсанд өөрөө ч итгэхгүй бухимдаж суугаа нь лавтай.
Гэвч Монголын улс төр С.Баярын өмнө хаалгаа хаах болоогүй. Үүнийг суллагдсаныхаа дараа С.Баяр хаачив гэж сортолзох сөгөөгүй болтол “эротик сенсаациар” далдалж чадсан өнгөрсөн өдрүүдийн чадварлаг пиар харуулж байгаа биз. УИХ-ын хоёр гишүүнийг түдгэлзүүлэх, УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үйл явдлыг яаж орхигдуулан С.Баярыг манах билээ.
Д.Гантулга УИХ-аас “зайлуулагдаж” түүний тойрогт нөхөн сонгууль явуулах нь тодорхой. Тэр тойрогт хэн, хэн нэр дэвших нь бүр ч тодорхой. Энэ бол “стратегич” С.Баярын тоглолт. Танил сүрчигний үнэр одоо л мэдрэгдэх мэт. С.Баяр бол Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр татгалзаж байсан хүн. Ийм алхам хийснээр улс төрөөс гарчихдаггүйг ч “дүү нартаа” харуулж яваа нэгэн. Монголын ард түмэн, сонгогчид гэж ямар прагматик, гэнэн, өрөвч “амьтас” байдгийг тэр дэндүү мэднэ.
Түүний гол хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалт билээ. Хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хилийн хориг тавьсан эсэх түүнд чухал биш.
Тэр хауснаас болж суугаагүйгээ мэднэ. Оюутолгойн гэрээнээс болж нэрээ сэвтээснээ хэзээ ч мартахгүй. Хонзончдоос дутахааргүй хор найруулах ухаан, чадвар түүнд бий. Зах зухаасаа эхэлсэн ч биз. Наадмын өмнөхөн “хүдрийн заар” гэдэг шиг нэг тийм хорон мөртлөө анхилуун сүрчиг ханхийгээд авах нь түүний шинэ сүрчигний жор байх нь.
УИХ-аас, Засгийн газраас нэг тиймэрхүү сүрчигний “тест” яваад байна л даа. “Юу л болдог бол”, “улс төр буцлах нь” гэж сүржигнэцгээх боллоо. Сүржигнэхээ л байчих л даа. Та бүхний уншсан ном, үзсэн кино боловч мартацгаачихсан л юм шүү дээ. С.Баярыг авраагүй 65 гишүүнтэй парламент, “хайрт дүү” У.Хүрэлсүхийн Засгийн газар нь түүнд “гэсгээл амсууллаа” гэж тэр үзэж буй. Учир нь, тэр ачийг ч хариулж, бачийг ч үзүүлж чаддаг өөрийн гэсэн зарчимтай улстөрч. Тэрбээр “том ах”-ын хувьд хэнээр, хэзээ тоглохоо мэднэ. Дүрмийг нь мэдэхгүй тоглоомоор тоглодоггүй, тоглоом эхэлсний дараа дүрэм өөрчлөхөд дургүй.
Түүний дургүй бүхэн шингэсэн улс төрийн энэ өдрүүдэд яагаад “сүрчигээ” ч солихгүй, хуучны С.Баяр хэвээрээ байх ёстой гэж. Тийм ч учраас тэрбээр хоригдохын өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданд бичсэн захидалдаа “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг” гэсэн байдаг. Тэр хоригдсон хоног өдрүүдэд цөөнгүй хүнээс “мөс, жудаг” хайсан биз. Түүнийг олж таньсандаа ч “Хэнтэй ч уулзахгүй” гэж гөжүүдэлсэн. Бурхан нас нэмж чөтгөр чөлөө өгөөгүй бол тэр өдийд ‘том ах’ хэвээрээ байж чадах байсан эсэх ч эргэлзээтэй. Том ах гэснээс мөн л тэр өөрөө “Улстөрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэсэн удаатай. С.Баяр улстөрч шүү дээ. Тэр өөртөө том л харагдаж байгаа. Бушуухан тэр шинэ сүрчгийг мэдрэхсэн…