АТГ-ын шалгаж байгаа Хотгор шанагын уурхайг зарсан гэх хэрэг гацаанд орсон гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.12-нд нийтлэгдсэн

АТГ-ын шалгаж байгаа Хотгор шанагын уурхайг зарсан гэх хэрэг гацаанд орсон гэв

АТГ-ын шалгаж байгаа Хотгор шанагын уурхайг зарсан гэх хэрэг гацаанд орсон гэв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүсийн зарсан “Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх  ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрсөөр байгаа билээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд БНСУ-ын телевизээр тус уурхайтай холбоотой нэвтрүүлэг анх цацагдсан байдаг. Дээрх мэдээлэл гарснаас хойш өнөөг хүртэл “Хотгор шанага” нүүрсний ордын лицензийг зарсан, зараагүй гэх асуудал хариулт нэхсэн хэвээр байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат анх “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүү нар Увс аймагт байх уул уурхайн ордын лицензийг гаднынханд зарсан” хэмээн баримт дэлгэж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах, дүүс болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосын компанид зарсан нь тодорхой” хэмээн мэдэгдэл хийж байсан билээ. Тэгвэл “Хотгор шанага”-ын уурхайг зарсан байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгажээ. Томоохон улстөрчдийн өгсөн өргөдөл гомдлын дагуу дээрх хэрэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хүртэл шалгасан гэнэ. Түүний ойр дотны хүмүүсийн компаниудын данснаас эхлээд өөрийнх нь дансны орж гарсан гүйлгээ зэрэг шаардлагатай бүхнийг шалгасан байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  АТГ-т “Хотгор шанага” уурхайг солонгосчуудад зарсан асуудлыг би огт мэдэхгүй. Энэ асуудалд миний бие ямар ч холбоогүй. Харин улстөрчдийн гар хөл болсон сэтгүүлч миний нэр төрд халдаж байна. Уурхай зарсан гэх асуудлыг огт мэдэхгүй болохоор энэ талаар ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна. Б.Алтангэрэл гээд нутгийн залууг танина. Тэр залуу манай хоёр ахаас мөнгө төгрөг зээлсэн асуудал байдаг юм байна лээ. Надад зээлсэн мөнгөө эргүүлж авсан гэх тайлбарыг манай хоёр ах өгсөн ” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ.

Зээлсэн мөнгөө л авсан асуудал

Харин Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулга “Чимэд овогтой Гантулга миний бие цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, одоо “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2008 онд “Хотгоршанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл нь үйл ажиллагаандаа зориулж санхүүжилт хэрэгтэй байна гэж тодорхой хэмжээний мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Тухайн үед манай компани барилгын бизнес эрхэлж байсан тул холбогдох Зээлийн гэрээг байгуулж Б.Алтангэрэлийн өөрийнх нь тавьсан саналын дагуу “Хотгоршанага” ХХК-ийн 30 хувийг  барьцаалж мөнгө зээлдүүлсэн юм. Зээлдүүлсэн мөнгийг богино хугацаанд эргэж төлнө гэж байсан ч төлөлгүй гурван  жил болсон. Нэг өдөр солонгосчуудтай хамтран ажиллах боллоо, зээлийг чинь төлье, дансны дугаараа өгөөч, итгэмжлэлд гарын үсгээ зураач гэснийг ёсоор болгосон. Тодорхой хугацааны дараа бидний дансанд тухай үеийн ханшаар нийт 2.4 тэрбум орчим төгрөг орж ирсэн юм. Иймд уг компаний барьцаалсан 30 хувийг буцааж Б.Алтангэрэлд нь шилжүүлснээр бидний харьцаа дуусгавар болсон. Энэ бол түгээмэл байдаг л бизнесийн харилцаа. Болсон явдал бол ердөө энэ. Та бүгдэд тухайн үед байгуулсан Зээлийн Гэрээ болон орж ирсэн мөнгийг Татварын албанд тайлагнаж ногдох татвараа бүрэн төлсөн хуулга байгаа. Компанийн үйл ажиллагаатай холбоотой гол шийдвэрийг 30 хувийг  эзэмшигч гаргах уу. 70 хувийг  эзэмшигч гаргах уу. Бид хувийн дансаар мөнгө орж ирсэн даруйд буюу 2012 онд хувь хүний орлогын албан татвар  төлж байсан  байдаг. Эхлээд 105 сая төгрөг тус бүр төлсөн. Үүний дараагийн сард дахин энэ тооны мөнгө Хан-Уул дүүргийн татварт төлсөн байдаг. Нийтдээ нэг хүн нь  211 гаруй сая төгрөгийн татварыг хоёр сарын хугацаанд төлсөн байдаг” хэмээн мэдүүлжээ.

АТГ-аас Ч.Хүрэлбаатарын данс болоод хоёр ахынх нь дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, түүнд холбогдолтой компаниудын санхүүгийн тайлан зэргийг шалгаж байгаа аж. Мөн Ч.Хүрэлбаатартай холбоотой хүмүүсийн дансанд мөнгө орсон эсэхийг шалгаж байгаа аж. АТГ-т Ч.Хүрэлбаатарын хоёр ах мөнгө зээлсэн гэгдээд байгаа Б.Алтангэрэлд хаанаас ямар бизнес эрхэлж олсон мөнгөө зээлсэн талаар баримт гаргаж өгсөн гэнэ. Мөн тэдний дансанд орж ирсэн дөрвөн тэрбум орчим мөнгөө хэрхэн зарцуулсан талаар ч санхүүгийн баримт,  тайлан тооцоог гаргаж өгчээ. Тэд дээрх мөнгийг тухайн үед эрхэлж байсан барилгын болоод бусад жижиг үйл ажиллагаанаас олж,  хуримтлуулсан бөгөөд үүнийгээ ч баримтаар холбогдох албаныханд гарган өгсөн гэнэ.

Б.Алтангэрэл “Хотгор шанагын уурхайг зарсан асуудалд Ч.Хүрэлбаатар түүний хоёр ах ямар ч холбоогүй” хэмээн мэдүүлжээ

АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийнхэн “Хотгор шанага” нүүрсний уурхайг зарсан хэрэгт “Хотгор шанага” компанийн захирал АН-ын гишүүн Б.Алтангэрэлийг шалгаж байгаа аж. Тэрээр “Хотгор шанага” уурхайг зарсан хэрэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ямар нэгэн холбоотой юу гэдгийг нотлох юм. Б.Алтангэрэл “Миний  49 хувийг эзэмшиж байгаа Хотгор шанага” уурхайг    БНСУ-ын “Korea Coal” корпорацид 51 хувийг худалдах санал хүргүүлсэн. Тухайн үед уурхайд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Ингээд л зарсан асуудал байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа К.Дэмбэрэлээр дамжуулан Ч.Гансүх, Ч.Гантулга нараас мөнгө зээлсэн. Өмнө нь таньдаг байсан юм. Тэднэээс мөнгө зээлэхдээ уурхайн 30 хувийг барьцаанд тавьсан. Тэдэнд зээлсэн мөнгөө өгөх гэсэн боловч надад санхүүжилт олдоогүй гурван жил болсон. Энэ хугацаанд зээлсэн мөнгөө надаас нэхдэг байсан. Ингээд “Korea Coal” корпорациас орж ирсэн мөнгөнөөс тэдний дансанд шилжүүлж өрөө өгсөн байгаа. “Хотгор шанага” уурхайг зарсан асуудалд Ч.Хүрэлбаатар, Ч.Гантулга, Ч.Гансүх, К.Дэмбэрэл нар огт холбоогүй” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ.

АТГ-ын мөрдөн байцаагч “Хотгор шанага” уурхайн 49 хувийг Б.Алтангэрэлтэй хуваан эзэмшиж байгаа н.Болормаа гэх бизнесийн хамтрагч эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэрбээр “Б.Алтангэрэл Ардчилсан намынхантай нийлж улс төржүүлчихсэн болохоос зээл төлсөн асуудал шүү дээ. Солонгосчуудтай Б.Алтангэрэл уулзсан. Тэр ганцаараа явж гэрээ хийсэн. Би сүүлийн үед Б.Алтангэрэлтэй огт уулзахгүй байгаа” гэх мэдүүлгийг өгсөн гэдгийг албаны эх сурвалж онцолж байсан юм. Хэргийг шалгаж байгаа АТГ-ынхан “Хотгор шанага” уурхайн хэрэг “гацаанд” орсон. “Хотгор шанага” уурхайн 51 хувийг эзэмшиж байгаа Солонгос компанийнхан “Б.Алтангэрэлтэй л гэрээ хийсэн.  Ч.Хүрэлбаатар болон Ч.Гантулга, Ч.Гансүх, К.Дэмбэрэл гэх хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Огт танихгүй.  Б.Алтангэрэл бидэнд  Ч.Гантулга, Ч.Гансүх, К.Дэмбэрэлийн данс руу эхлээд 4.5 тэрбум төгрөгийг хийх ёстой гэж хэлсэн. Түүний хэлснээр мөнгийг бид шилжүүлсэн. Үлдэгдэл бүх мөнгийг Б.Алтангэрэлийн данс руу хийсэн” гэх тайлбар өгсөн гэнэ.

АТГ-ынхан “Хотгор шанага” уурхайтай холбоотой  баримтыг цуглуулсан ч Ч.Хүрэлбаатарыг буруутгах олигтой баримт олж чадаагүй байгаа гэдгийг албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж