Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх пүрэв гаригт(2018.06.14) ОХУ-д нээлтээ хийнэ. 21 дэх удаагийн ДАШТ-д оролцох 31 багийн ихэнх нь хойд хөршид ирээд байна. Мөн гадаадын олон зочид төлөөлөгчид болон фанатууд ОХУ-ыг зорисоор байна.
ОХУ-САУДЫН АРАБЫН ТОГЛОЛТ 23:00 ЦАГААС ЭХЭЛНЭ
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдах хөлбөмбөгийн хамгийн том баяр наадам Москва, Сочи зэрэг 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох билээ. Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 18:00, 20:00, 22:00, 02:00-с болно.
Тиймээс монголчуудын хувьд NTV болон Үндэсний олон нийтийн шууд дамжуулалтыг үзэх боломжтой. Харин нээлтийн тоглолт пүрэв гаригийн 23:00 цагаас тэмцээнийг зохион байгуулагч ОХУ болон Саудын Арабын багуудын хооронд болох юм. Мэдээж энэ тоглолтын өмнө 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлт Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 21:00-с эхэлнэ. 80 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд хоёр цаг үргэлжлэх нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр одоогоор олон нийтэд бүрэн дэлгэгдээгүй. Мөн ДАШТ-ийг нээж дуулах дуучны нэр ч таамаг хэвээр байгаа юм. Гэхдээ Италийн алдартай дуучдын нэрс таамаглалд багтсан хэвээр байгаа. Нээлтийн арга хэмжээнд дэлхийн олон орноос хүндтэй зочид оролцоно. Тиймээс ирэх пүрэв гаригийн орой биднийг олон зүйл хүлээж байна.
“АЛТАН ЦОМ”-ЫН ЭЗНЭЭР АЛЬ БАГИЙГ НЭРЛЭХ ВЭ?
Тэмцээнд оролцох 31 улсын багийн ихэнх нь ОХУ-д ирээд байна. Нисэх онгоцны буудал дээр шигшээ багийг хүндэтгэлтэйгээр угтан авсаар байгаа. Мөн фанатууд ч боломж олдвол зургаа авахуулах ховорхон боломжийг хайсаар байна. 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийг цомоо хамгаалах эсэхийг бид харах болно. Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Месси тэргүүтэй Аргентиний шигшээ багийг ч аварга болох магадлалтай хэмээн таамагласаар байна. Мэдээж Англи, Бразил, Португаль, Франц, Испани гээд аль ч баг “Алтан цом”-ын эзэн болох боломжтой.
“OPTA” спорт сайтын групп аль баг ‘Алтан цом’ хүртэх вэ гэсэн судалгааг явуулсныг олон нийтэд мэдээлсэн. Энэхүү судалгаагаар Бразилын багийг 14,2 хувь буюу хамгийн өндөр үнэлсэн бол ХБНГУ, Аргентин, Франц, Испанийн баг удаах байруудад бичигджээ. Харин Японы багийг 2,0 хувь гэсэн бол ОХУ 1.7 хувийн үнэлгээ авчээ.
21 дэх удаагийн ДАШТ-ийг зохион байгуулж буй ОХУ-ын багийг нутагтаа тааруухан амжилт үзүүлнэ хэмээн олон нийтэд харсаар байна. Учир нь ОХУ-ын баг 2018 он гарснаас хойш Бразил, Франц, Австрийн багт хожигдож, Турктэй тэнцэн тааруухан статистик үзүүлэлтийг гаргасаар байгаа. Тиймээс талбайн эздийн бэлтгэл тааруу байгааг олон улсын хэвлэл мэдээлэл бичсээр байна.
МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-Д БИЧИГДСЭЭР
2006 оноос эхлэн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “FIFA WORLD CUP TOUR” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатад “Алтан цом”-ыг хамгийн ойроос харах боломжийг олгож байгаа билээ. 21 дэх удаагийн ДАШТ-ийг угтсан цомын аялал 2017 оны есдүгээр сард Москва хотоос эхлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үдэн гаргаж байсан юм.
‘Алтан цом’ 51 орны 91 хотоор аялахад Монгол Улс багтсан билээ. “Алтан цом”-д дэлхийн аварга болсон багийн ахлагч болон тухайн улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг. Тэгвэл энэ хүндтэй үүрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад оногдсон. Тэрбээр “Алтан цом”-д хүрсэн анхны монгол хүн болж нэгэн түүхийг бичиж үлдээлээ. 51 улсын 91 хотоор дамжихдаа 172 мянган км замыг туулсан “Алтан цом” өчигдөр Москвад ирсэн байна.
Үүнээс гадна монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтын бөмбөгийг гаргаж тавихаар болсон. Энэ хүндтэй үүргийг Ө.Анар гэдэг хүүхэд гүйцэтгэнэ. Мөн Москва хотод 21 орны өсвөрийн хөлбөмбөгчид оролцож байгаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар оролцож байна. Ийнхүү монголчууд 21 дэх удаагийн ДАШТ-ээс эхлэн шинэ түүхийн хуудсыг бичиж эхэллээ.