Татварын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж татвар төлөгчид болон бизнес эрхлэгчдээс санал авч ажил хэрэг болгоод буй.
Эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны III улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х”тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаса нь бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байна.
Тэгвэл дээрх Татварын багц хууль батлагдсан нөхцөлд татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй болбол тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж, татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно. Мөн орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ. Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно гэж шинэчилсэн найруулгад тусгасан байгаа юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус хуулийн ач холбогдолын талаар хэлэхдээ ‘Сангийн яам татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг судалж үзсэний эцэст хуулиндаа өөрчлөлт оруулсан‘ гэдгийг онцолж байв. Сангийн сайдын танилцуулснаар 2018 онд Татварын тухай хуулинд гурван шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийхээр тусгажээ.
Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх зохицуулалтыг шинэ хуульд тусгажээ. Улмаар хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татварын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.
Тус хуулийн төслүүд батлагдсанаар татвар төлөгч, татварын албаны эрх, үүргийн тэнцвэр хангагдаж, Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжиж, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр шинээр бий болоход тодорхой түлхэц болно. Нөгөөтэйгүүр, татвараас зайлсхийх, зугтаах явдал багасч, хуулийн дагуу шударгаар татвараа тайлагнах, төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байх болно гэж төсөл санаачлагчид үзэж буй.
Татварын Ерөнхий хуульд:
- Татварын өр төлөх хугацаа 2 сар байгааг 24 сар болгон сунгана,
- Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
- Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмгдүүлнэ,
- Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
- Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
- Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
- Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно.
ААНОАТ-ын тухай хуульд:
- Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
- Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
- Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
- X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
- Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
- Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
- Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.
ххоат-ЫН ТУХАЙ ХУУЛЬД:
- Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
- Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
- Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
- Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
- Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.
Бусад хуулиудад оруулах өөрчлөлт
- Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
- Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,
- Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
- Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.