-Сүүлийн хэдэн өдрүүдэд Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн мэтгэлцээн улс төрийн хүрээнд ч, олон нийтийн дунд ч өрнөж байна. Гадаад бодлогын асуудлаар ингэж мэтгэлцэх нь буруу ч гэх хүмүүс байна. Та энэ асуудлыг ажиглаж, дүгнэлтээ хийж байгаа байх?
-Миний хувьд сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явцыг ажиж суухад ШХАБ-д элсэх үү, үгүй юу гэдэг эцсийн шийдвэрээс илүүтэй өөрсдийнхөө байгаа байдал, төр засгийн бодлоготой ч юм шиг, үгүй ч юм шиг салан задгай байдалд илүүтэй эмзэглэх сэтгэл төрж байлаа. Улс орны амьдрал, ирээдүйн хувь заяатай холбоотой асуудлаар олон нийт мэдээлэлтэй байж санаа бодлоо илэрхийлэх нь буруу зүйл огт биш ээ. Харин ч иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй байж хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцохын хэрээр асуудалд нухацтай, бүтээлч ханддаг болно, улс төрийнхөн тэр хэрээр хариуцлагатай болно гэж би боддог.
Иргэд, судлаачид чөлөөтэй мэтгэлцэж, өөр өөр байр суурь илэрхийлж болно. Харин төрийн хариуцлагатай алба хашиж байгаа, хэлэх үгийг нь гаднын ажиглагчид хүлээж, дүгнэлт хийдэг түвшний хүмүүс бодлогогүй ярьж, хоорондоо зөрчилтэй байр суурь илэрхийлцгээж байгаа нь л их харамсалтай харагдаж байна.
Энэ нь нэг талаас улстөрчдийн байр суурь, мэдлэг боловсролын түвшинг харуулж байгаа ч нөгөө талаас хамгийн харамсалтай нь улс орны аюулгүй байдал, амин чухал эрх ашигт хамаарах асуудлуудаар манай төр засгийн ажил, бодит чадавх ямар байгааг л илчилж байгаа хэрэг. Аль ч улс оронд тэр бүр ил ярьж нээлттэй хэлэлцүүлэг болгодоггүй асуудал гэж бий. Ямар асуудлыг хэдийд яаж хэлэлцүүлэх вэ гэдэг давс хужрыг төр засаг, шийдвэр гаргагчид тохируулж байх учиртай. Манай төрд ийм мэдрэмж ч, механизм ч дутаж байгааг сүүлийн хэд хоног харууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын шийдвэр гаргах процессыг олонх оронд хууль дүрмээр нарийвчлан зохицуулдаг.
-Өнөөдөр өрнөж байгаа маргааныг ажихад нэг талаас ШХАБ-ын гишүүн болбол гацаанд байгаа том төслүүд хөдөлнө, эдийн засгийн хөгжилд их түлхэц өгнө гэх. Нөгөө талаас хоёр хөршөөс хамаарах хамаарал хэт нэмэгдэнэ, гуравдагч хөршүүдээ үргээнэ гэсэн хоёр байр суурь түлхүү сонсогдож байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Манай улсаас хоёр хөрштэй харилцах харилцаа бол урт хугацааны түүхтэй. Улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын олон нарийн сэжмээр бие биетэйгээ холбогдох том харилцаа. Уламжлалаараа олон талын хүрээнд гэхээсээ илүү хоёр талын шугамуудаар гол асуудлуудаа шийдвэрлэж хөгжиж ирсэн. Геополитикийн өгөгдлөөсөө хамаараад цаашдаа ч ингэж л явна. Тиймээс энэ харилцааны ирээдүйг зөвхөн ШХАБ-ын хайрцганд төсөөлөх, ШХАБ-д гишүүнээр элсвэл эдийн засгийн харилцаа, хөгжилд огцом дэвшил гарна, эсвэл элсэнгүүт хоёр хөршөөс шууд хараат болж тусгаар тогтнолоо алдана гэж дүгнэвэл аль аль нь хэт туйлширсан, явцуурсан хэрэг болно. Товчоор хэлэхэд, ШХАБ хэмээх олон улсын байгууллагад элсэх асуудлыг алдаа оноог нь зөв дэнсэлж, ул суурьтай судалж шийдэх ёстой. Харин хоёр хөрштэй тогтоосон харилцаа бол түүхэн уламжлал, өнөөгийн бодит байдал, цаашдын ирээдүйгээ бодож илүүтэй хоёр талын шугамуудаар үргэлжлүүлэн сайн тордож явах, одоо байгаа нөөц бололцоогоо улам илүү дайчилж хөгжүүлэх харилцаа шүү гэх гэсэн юм. ШХАБ-ын түүхийг сайн ажиглаж судлах хэрэгтэй. Тухайлбал, Төв Азийн орнууд ШХАБ-ын гишүүн болсноор манай хоёр хөрштэй тогтоосон харилцаа, гадаад дотоод байдалд нь ямар өөрчлөлт гарав. Орос, Хятадаас хамаарах хамаарал нь их нэмэгдсэн үү, хөрөнгө оруулагчид дүрвэж зугтсан уу, эерэг сөрөг аливаа өөрчлөлт гарсан бол тэр нь ШХАБ-ын гишүүн болсонтой нь холбоотой юу үгүй юу гэх мэт. Манай улсын хувьд Орос, Хятадтай тогтоосон хоёр талын уламжлалт харилцаанаас гадна гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт, Эдийн засгийн коридорын санаачлага, гурван талын Гадаад яамдын зөвлөлдөх механизм гээд нэгэнт бий болсон сувгуудаа улам хөгжүүлж үр дүнтэй ашиглах боломж бий.
-Тэгэхээр та Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх шаардлагагүй гэж үзэж байна уу?
-Аливаа орны гадаад бодлогын тодорхой зорилго, зорилт улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодит хэрэгцээ шаардлагаасаа урган гардаг. Улс орныхоо хувь заяаны хариуцлагыг үүрч, ард түмний сонголт, даалгавраар төрийн эрх барьж байгаа улстөрчид энэ л хүрээнд ажиллах учиртай. Манайх 14 жилийн өмнө ШХАБ-д ажиглагчаар элсч, энэ хүрээнд ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцох идэвх, оролцоогоо нэмэх байр суурь барьж ирсэн. Монгол Улсын энэ байр суурьт огцом өөрчлөлт оруулах бодитой том шалтгаан, цоо шинэ нөхцөл байдлыг би одоогоор олж харахгүй байна. Тэр тусмаа олон улсын харилцаанд олон өөрчлөлт өрнөж, хүчний дахин хуваарилалт, хуваагдал руу түлхсэн хагарал, өрсөлдөөн өрнөж магадгүй харагдаж байгаа энэ эгзэгтэй зурвас үед яаран алхам хийх нь дунд болон урт хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан, олон жилээр мөрдөж үр дүнгээ өгсөн аливаа цэрэг улс төрийн эвсэлд нэгдэхгүй байх, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого баримтлах, хоёр хөрш оронтойгоо тэнцвэртэй харилцаа хөгжүүлэх, гуравдагч хөрш орнуудтай харилцаа хөгжүүлэх гээд чухал зарчмуудтай зөрчилдөх эрсдэл үүсгэж болзошгүй юм. Тиймээс бид цаашид ч ШХАБ-ын хөгжлийн хандлагыг анхааралтай ажиглаж ирсэн байр сууриа хэсэг хугацаанд барих нь зөв гэж үзэж байна.
Би хувьдаа Монгол Улс ШХАБ-ын жинхэнэ гишүүн болоогүй учраас л хөрш орнууд манай эдийн засгийн боломжуудыг хааж, гацаачихаад байгаа гэж бодохгүй байна. Олон асуудлын шалтгаан манай дотоодод ч байгаа. ШХАБ манайхаар дутаад, элсэхгүй бол хөршүүд том дарамт шахалт үзүүлэх хэмжээнд арай ч хүрээгүй болов уу. Гишүүн болсноор шийдэгдэхгүй байсан асуудлуудын гогцоо илбийн юм шиг тайлагдаад, эсвэл өнөөгийнхөөрөө ажиглагчаараа үлдлээ гээд гурван улсын харилцаанд ноцтой хор хохирол учирна гэж бодохгүй байна.
Хамгийн гол нь манай дотоодод энэ асуудлаар нэгдмэл байр суурь бий болоогүй байна. Ийм чухал асуудлыг хүч түрэн яаран шийдвэл түүнээс үүдэн дотооддоо олон сөрөг асуудал үүсээд зогсохгүй хоёр хөрштэй харилцах харилцаанд ч сэв суух, үндэсний эв нэгдэл алдагдаж, иргэдийн төрдөө итгэх итгэлийг улам хөсөрдүүлэх аюултай.
Гадаад дотоод бодлогын чухал асуудлаар дотроо их хагарч зөрчилдсөн жижиг орнуудыг их гүрнүүдийн тоглоомын талбар болж, нөхөж барахгүй том золиос, хор хохирол амсах аюул хүлээж байдаг. Өнөөг хүртэл үргэлжилсээр буй хоёр Солонгосын хямрал, Вьетнамын дайн, Афганистаны дайн, өнөөдрийн Сирийн хямрал гээд тоо томшгүй олон жишээ хэлж болно. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд төрийн бодлогын суурь баримт бичгүүдэд үндэсний эв нэгдлийг дээд зэргээр онцлон тусгасан байдаг нь үүнтэй холбоотой. Нөгөө талаас эвт шаазгай буга барьдаг гэж манай ардын зүйр үг байдаг шүү дээ.
-Хоёр хөрш манайхыг ШХАБ-д гишүүнээр элсэхийг олон жилийн өмнөөс шаардаж ирсэн гэх яриа байдаг. Энэ ямар шалтгаантай вэ?
-Манайд албан ёсоор урилга гардуулж, ил дарамт шахалт үзүүлж байсан тухай би сайн мэдэхгүй байна. Орос, Хятадын хувьд манайхыг ШХАБ-д элсүүлэх сонирхол нь манайд нөлөөгөө бэхжүүлэх эрмэлзлээс илүүтэй өөрсдийн гео стратегийн орон зайгаа аюулгүй, тогтвортой байлгах бодлоготой нь холбоотой. Есдүгээр сарын 11-ний хэрэг явдлын дараа Төв Азид АНУ-ын цэргийн бааз байгуулагдсан нь Орост ч, Хятадад ч том цочрол өгсөн. Дараа нь ШХАБ-ын индрээс шахалт үзүүлж байж АНУ-ын цэргийн баазыг Төв Азиас шахаж гаргасан. Орос, тэр тусмаа Хятадын хилийн нь дагуу АНУ-ын нөлөө хэт бэхжих, цэргийн хүч төвлөрөхөөс ямагт сэрэмжлэх бодлого барьж байгаа. Монгол Улс ШХАБ-ын гишүүн байвал үүнд нь тустай гэж хөрш орнууд тооцож байгаа болов уу. Өнгөрсөн оны сүүлээр шинээр нийтлэгдсэн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид тус улс Орос, Хятадыг “стратегийн гол өрсөлдөгчид”, үндсэндээ бараг л дайснуудаа гэж зарласан нь хоёр хөршийн болгоомжлолыг ихээхэн нэмэгдүүлсэн байж таарна. Тиймээс Монгол Улс аль нэгэн олон улсын байгууллагад яаран сандран элсэх шийдвэр гаргахаас илүүтэй хөршүүдтэйгээ итгэлцлээ бэхжүүлэхэд анхаарах нь чухал гэж бодож байна. Цэрэг, улс төрийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх олон арга зам байдаг. Нөгөө талаас бид “дотроо бодолтой, доороо суурьтай байж, өөрийгөө хохироож, хөршүүддээ ч аюул учруулаад байх “амиа золиослогч” шиг алхам хийх орон биш, асуудлаа бие даан ухаалгаар шийдэж, итгэл даах хөрш гэдгээ нотлон харуулах нь ихээхэн чухал.
Зөвхөн харуулах биш, ерөөсөө тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байя гэвэл бид ийм л байх ёстой. Ул суурьтай бодож, ярьдаг, цагийн шалгуур даах шийдвэрийг бодож дэнсэлж гаргадаг, нэгэнт гаргасан шийдвэр, өгсөн амлалтдаа тууштай байдаг хөршийг л итгэл даах хөрш гэнэ. Зарим талаар манайх ийм байж чадахгүй байгаа учраас хоёр хөрш манайхыг өөрсдийн гол нөлөөний олон талын байгууллагад элсүүлж, өөрсдийн буй болголцсон механизм, дүрэм журмаар тогтоон барихыг хүсч байгааг бид ойлгох цаг болсон. Дотроо хагарал тэмцэл ихтэй, төр засгийнх нь шийдвэрийг урьдчилан тооцоолох аргагүй гуйвамтгай, шийдвэр гаргагчид нь хууль дүрэм журмаа барьдаггүй, муу муухай зүйлийн хөрс суурь болоход бэлэн улс орныг том орнууд аюулын эх үүсвэр хэмээн үзэж өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд дотоод хэрэгт нь оролцож, нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж эхэлдэг. Тиймээс бид бусдыг хардахаасаа өмнө засаглалаа бэхжүүлж, төр шиг төртэй улс шиг улс болох нь үндэсний аюулгүй байдлын хамгийн тулгамдсан асуудал. Нөгөө талаас ийм болохгүй л бол бид ШХАБ-д элсэхгүй байх нь бүү хэл Орос, Хятадаас салж нүүгээд ч хүсээд байгаа гуравдагч хөрш, хөрөнгө оруулагчид нь гүйгээд ирэхгүй л болов уу. Бид тогтворгүй улс төртэй, хууль шүүхийн байгууллага нь улс төрөөс хараат, итгэл даах чадваргүй л байвал гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татах асуудал улам л агаарын мөрөөдөл болж үлдэнэ.
-Та асуудлын шийдлийг эхлээд гаднаас биш дотроосоо хай гэж тодорхой хэллээ. Монгол Улс гадаад харилцаагаа нэг цонхны бодлогоор явуулах ёстой гэж олон жил ярьсан ч байдал ямар байгааг бид харж байна. Үүнийг яаж шийдэх ёстой юм бэ?
-Шийдэх оролдлого хэд хэдэн удаа хийгдэж ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоолууд гарч байсан. Гэвч тодорхой ахиц дэвшил бага байсаар ирлээ. Гадаад бодлогын шийдвэр гаргах механизм, процессыг хуульчлах цаг болсон гэж би дээр хэлсэн. Гадаад бодлого, аюулгүй байдалтай холбоотой ямар санал санаачлагыг ямар байгууллага, албан тушаалтан ямар дарааллаар гаргах, хэрхэн судалж, хэлэлцүүлэх хэн эцэслэн баталснаар хүчин төгөлдөр болох, ямар асуудлаа хаалттай хэлэлцэх, ямар түвшинд нь олон нийтэд мэдээлж санаа бодлыг нь тусгах, хариуцлага алдсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх гэх мэт асуудлыг боломжтой хэмжээнд хуульчлахгүйгээр дорвитой ахиц гарахгүй гэдэг нь цаг улирах тусам харагдаж байна. Ингэж хуульчилж, түүнийгээ төр нь тууштай мөрдөж чадвал соёл, уламжлал тогтоно. Гадаад харилцааны баялаг уламжлалтай орнууд ийм л байдаг. Манай хоёр хөршид энэ харилцааг нарийн журамласан, хатуу дэг жаяг тогтсон байдаг. Хятадын гадаад бодлогын бичиг баримтад хэдхэн үг нэмэх, өөрчлөхөд л түүний цаана олон хүний урт хугацааны хөдөлмөр шингэсэн судалгаа, хэлэлцүүлэг өрнөж, шийдвэр гаргах албан ёсны шат дамжлагаараа орж шүүгдсэн байдаг. Тиймээс тэнд нэг шинэ нэр томьёо гарч ирэхэд л гадны орнууд, судлаачдын дунд түүнийг нь задлан шинжлэх, тайлбарлах их ажил өрнөдөг. Ийм л нарийн бодлоготой хөршүүд, их гүрнүүдтэй харилцдагаа бид ямагт санаж байх учиртай. Өмнөх Их хурлын хугацаанд бид гадаад яам, ахмад туршлагатай дипломатууд, судлаачидтай хамтарч нэлээд судалгаа, хэлэлцүүлэг хийж байж гадаад бодлогын шийдвэр гаргах процесс, гадаад харилцааг нэг цонхоор зохицуулах механизмыг тодорхой тусгасан, Гадаад яамны эрх, үүргийг тодорхой болгосон Гадаад харилцааны хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ удаагийн УИХ-ын өнгөрсөн намрын хэлэлцэх асуудлын жагсаалтад орсныг дуулаад ихэд олзуурхаж байлаа. Гэтэл цааш явалгүй гацчихсан. Сураг сонсвол Гадаад яамны зарим хариуцлагатай албан тушаалтан манай яам ийм их ачааг даахгүй гэж цааргалдаг бололтой. Уг нь улс орнууд чухам ийм ачаагаа үүрүүлэх гэж л Гадаад яамтай байдаг. Гадаад яам бол гадаад томилолтоо хүлээсэн албан тушаалтнуудын дамжлага бааз биш. Гадаад яам ийм хуулиас зугтах биш, санаачилж, бичээд Засгийн газраас УИХ-д өргөн барих ёстой юм. Гадаад яам ийм байдалтай байгаа болохоор л Монголын гадаад бодлого, гадаад харилцаа дээшлэх биш уруудаж байна. Уг нь бид гадаад бодлого, харилцааны арвин баялаг уламжлалтай. Одоогоос зуу гаруй жилийн өмнө Монгол Улс дөнгөж тусгаар тогтнолоо сэргээн тогтоож байх үе, ерээд оны эхэнд дэлхий нийтэд өөрийгөө нээж, бие даасан зоримог гадаад бодлого явуулж эхэлж байсан үеийн гадаад харилцааны түүх, энэ талаарх гадна, дотны судлаачдын дүгнэлтийг уншихаар тэр үеийн төрийн зүтгэлтнүүд, дипломатуудаар бахархах, хүндлэх сэтгэл аяндаа төрдөг. ”Улстөрчид нэг сонгуулийн мөчлөгөөр асуудлыг хардаг бол төрийн зүтгэлтэн нэгэн үеэр нь хардаг” гэсэн үг бий. Улс орноо өөд татаж түүхэнд үлдсэн том удирдагчдын түүхийг харвал урт хугацаанд улс орноо амжилттай авч явах засаглалын сайн институцийг бий болгож, үр дүнтэй том бодлого гаргаж, амьдруулж чадсан хүмүүс л байдаг.
-Ярилцсанд баярлалаа.