Вагон дутагдсанаас есөн тэрбум төгрөгийн алдагдалд орсон

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Вагон дутагдсанаас есөн тэрбум төгрөгийн алдагдалд орсон

Вагон дутагдсанаас есөн тэрбум төгрөгийн алдагдалд орсон

Улаанбаатар төмөр замын /УБТЗ/ удирдлагууд ОХУ-аас худалдаж авсан 1000 вагон, зам засварын машины асуудлаар өнөөдөр /2018.06.11/ мэдээлэл хийлээ.

587 хагас вагон худалдаж авсны 548 нь тээврийн үүрэг гүйцэтгэж байна

Мэдээллийн эхэнд  УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан “УБТЗ-ын Ерөнхий хороо дүгнэлт хийж, тус  нийгэмлэгийн ачааны вагоны паркийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг үндэслэн 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан Үнийн комисс ажиллаж,  1000 вагон худалдан авах хамтарсан шийдвэрийг гаргасан. 2017 оны намраас ОХУ-аас  худалдаж авсан ачааны хагас вагонуудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 587 хагас вагон худалдаж авсны 548 нь тээврийн үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр вагоны  нэг бүрийн үнэ дунджаар 9-11 мянган ам.доллар. УБТЗ-ын худалдаж авсан вагонууд нь 1994-1995 онд үйлдвэрлэгдэж, ОХУ-д 22 жил ашиглагдаж 1-2 жил сул зогссон вагонууд юм. Монгол Улсад мөрдөгдөж буй норм, стандартын дагуу 6-7 жил ашиглах боломжтой.

ОХУ-аас худалдан авсан 587 хагас вагоныг Монгол Улсын MNS 6466:2016 стандартын 3.1.22-т заасны дагуу Зүүнхараа дахь ачааны вагоны засварын депод дунд засвар, уг стандартын 3.1.20-т заасны дагуу Дархан,Замын-Үүдийн вагон засварын газарт урсгал засварт оруулж тээвэрт явуулж байгаа. Эдгээрээс 39 вагон нь  засварт орохоор хүлээгдэж байна. Нэг вагонд дунджаар засвар хийхэд дөрвөн сая 450 мянган төгрөгийн  зардал гарсан.

УБТЗ-ын эзэмшлийн 1347 вагоны 945 нь 25-30 түүнээс дээш жил ашигласан вагонууд байгаа. Худалдаж авсан  вагонуудын  чанар, аюулгүй байдал, ашиглалтын хэвийн байдлыг тодорхойлуулж баталгаажуулахын тулд үйлдвэрлэсэн он нь өөр, өөр таван вагоныг сонгон авч эрх бүхий мэргэжлийн оношилгооны байгууллагаар вагоны ноён нуруу, завсрын дам нуруунуудад металлын төлөв байдлын судалгаа, хэв гажилтыг шалган металлын үлдэгдэл нөөц, ашиглалтын хугацааг оношилгоо хийж тодорхойлуулсан. Шинжээчдийн хийсэн судалгаа туршилтын дүгнэлтээр вагоны ноён нурууны болон тэнхлэгийн голуудын хэв гажилт ашиглалтын шаардлагыг бүрэн хангаж байснаас гадна эдгээр вагоны ачааллыг хүлээн авдаг үндсэн хийц ноён нурууны хэсгүүд нь цаашдаа 15.5-17.9 жил ачаалал дааж чадах нь батлагдсан. Мөн вагонуудын ноён нурууны гагнуураар залгагдсан даацын элементүүдийн ширээсийн  чанар хэвийн байна гэж дүгнэсэн.

үлдсэн 413 вагоныг зайлшгүй авах шаардлагатай байна

УБТЗ-ын вагон аж ахуйн ажлыг хариуцагч Л.Болд ОХУ-аас худалдаж авсан 587 вагоныг тээвэрт ашиглаж эхэлснээс  хойш хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ сарын 5-ны байдлаар эдгээр хагас вагонууд худалдаж авсан үнэ, засварын өртөг зардлаа бүрэн нөхсөн. Эдгээр вагоныг худалдаж авч засварлахад нийтдээ 16.2 тэрбум төгрөг зарцуулсан бол тээвэрт явуулж ашигласнаар 1.4 сая тонн ачаа  тээвэрлэж 16.9 тэрбум төгрөгийн орлогыг УБТЗ-д дансанд төвлөрүүлжээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар УБТЗ-аар үйлчлүүлэгч 101 байгууллага 33.575  вагоны захиалга ирүүлснээс 28.199 вагоноор хангаж, 5376 вагоны тээврийн орлого есөн тэрбум 130 сая төгрөг алджээ. Өнөөдрийн байдлаар УБТЗ нийт орон нутгийн болон экспортын ачилтад шаардлагатай уул уурхайн  компаниудын захиалсан ачилтын захиалгын 63.4 хувийг л хангаж байна. Тухайлбал, Эрдэнэт өртөөнөөс БНХАУ-руу экспортын нүүрс ачихаар 50 вагон захиалсан. Бид нар өнөөдрийн байдлаар нэг вагон  ч гаргаж өгч чадахгүй байна. Дархан төмөрлөгийн үйлдвэр хоног бүр 50 вагон захиалж байгаа ч бид нар хамгийн ихдээ 24 вагон өгч байгаа. Ингэхээр цаана нь 26 вагоны хоногийн захиалга нь дутаж байгаа биз. Чойрын өртөөнөөс нийт найман компани жонш тээвэрлэхээр  хоног болгон 33 вагон захиалж байна. Нэг ч вагон өгч чадаагүй байна. Цаашдаа экспортын тээврийн захиалгыг бүрэн хангахын тулд үлдсэн 413 вагоныг зайлшгүй авах шаардлагатай байна. Үлдэгдэл 143 вагоны 78 нь Сүхбаатар өртөөнд орж ирсэн боловч тодорхойгүй шалтгаанаар холбогдох комиссын үзлэгийг хүлээж  өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдрөөс хойш ашиглалтгүй зогсож байна’ гэв.

Түүнээс  дараах асуултад хариулт авлаа.

-УБТЗ-ын эзэмшлийн 1347 вагон байдаг гэлээ. Тэдгээр вагон  хэдэн жилийн насжилттай вэ?

-Эдгээр вагонууд 1960-аад оноос хойш бага багаар худалдаж авсан. 1996 оноос Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр 450 шинэ вагон авсан.  Вагонуудын хувьд үнэхээр хуучирчхаад байна. Жил болгон техник үзлэгт хамруулж далд ноцтой гэмтэл байгаа эсэх талаар шинжлэн судалдаг. Энэ удаа шинэ вагон худалдан авах хөрөнгө алга. Томоохон зээл аваад паркаа шинэчилье гэхээр Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй байна.

-Аж ахуйн нэгж  байгууллагуудад  вагон олдохгүй байгаагаас хил дээр түгжрэх тохиолдол гарсаар байна. Энэхүү хүлээлтээс үүдээд  аж ахуйн нэгж байгууллагууд хоног бүр төлбөр төлөөд явж байгаа. Энэ тухайд та нараас тайлбар авмаар байна?

-УБТЗ бололцоот бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. БНХАУ-ын талаас Монгол Улсаас хоногт 14 вагон авах хэлэлцээртэй. Гэтэл Эрээн өртөөний хүчин чадал хүрэхгүй учраас  БНХАУ-ын  төмөр зам хоногтоо 12 вагон авч байгаа. Хоног болгон 1-2 вагон ард нь  хуримтлагдсаар байгаад өнөөдрийн байдлаар 3800 болчхоод байна. УБТЗ ачааллынхаа хамгийн дээд түвшинд ажиллаж байна. Үүнийг шийдэхийн тулд БНХАУ-ын удирдлагуудтай олон түвшний  уулзалт хийсний үр дүнд өнгөрсөн баасан гарагаас эхлэн өдөрт 14 вагон авч эхэлсэн. Энэ 14 вагоныг хоногтоо хэвийн  аваад явах юм бол энэ хүндрэл 14 хоногийн хугацаанд арилна.

-Хохирлыг нь ямар байгууллага хариуцах вэ вэ?

– УБТЗ-ын зүгээс шалтгаалах асуудал биш. БНХАУ-ын талаас шалтгаалах зүйл.

Э.Бурам 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж