Дэлхийн зах зээл дээр нүүрс,төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ огцом өсөхөд нөлөөлсөн бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг тээвэрлэх ачааны хагас вагон хүрэлцэхгүйд хүрч, тус нийгэмлэг өөрийн вагоны паркийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан юм. 2017 оноос ачааны хагас вагоны захиалга эрс нэмэгдэж УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагоноор энэхүү хэрэгцээг хангаж дийлэхээ болиод байв. Өдөр тутам 206 хагас вагон дутагдаж байснаас ачаа тээвэрлэлтээс 93 тэрбум 795 сая төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гараад байлаа.
Үүсээд байгаа нөхцөл байдалд УБТЗ-ын Ерөнхий хороо дүгнэлт хийж, тус нийгэмлэгийн ачааны вагоны паркийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр УБТЗ-ын 1 дүгээр орлогч даргаар ахлуулсан “Үнийн комисс” ажиллаж 1000 вагон худалдан авах хамтарсан шийдвэрийг гаргасан юм. Ийнхүү 2017 оны намраас ОХУ-аас худалдаж авсан ачааны хагас вагонуудыг Монгол Улсын хилээр оруулж ирж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 587 хагас вагон худалдаж авсны 548 нь тээврийн үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр вагоны нэг бүрийн үнэ дунджаар 9-11 мянган доллар юм.
ОХУ-аас худалдан авсан 587 хагас вагоныг Монгол Улсын MNS 6466:2016 стандартын 3.1.22-т заасны дагуу Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод дунд засвар, уг стандартын 3.1.20-т заасны дагуу Дархан, Замын-Үүдийн вагон засварын газарт урсгал засварт оруулж тээвэрт явуулж байгаа бөгөөд эдгээрээс 39 вагон нь засварт орохоор хүлээгдэж байна. Эдгээр тээвэрт явж байгаа 548 вагонд дунд засвар хийхэд 1 вагонд дунджаар 4 сая 450 мянган төгрөгийн зардал гарчээ.
УБТЗ-ын худалдаж авсан вагонууд нь 1994-1995 онд үйлдвэрлэгдэж ОХУ-д 22 жил ашиглагдаж 1-2 жил сул зогссон вагонууд бөгөөд Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу 6-7 жил ашиглах боломжтой юм. Учир нь Монгол улсын MNS 6466 : 2016 стандартын хавсралт А-ийн 1.1.3-т хагас вагоны ашиглалтын нормт хугацааг 30 жилээр тогтоосон байдаг юм. Түүнээс гадна ОХУ-аас худалдаж авсан эдгээр вагон нь УБТЗ-ын өөрийн эзэмшлийн вагонуудаас харьцангуй залуу вагонууд бөгөөд УБТЗ-ын эзэмшлийн 1347 вагоны 945 нь 25-30 түүнээс дээш жил ашигласан вагонууд байгаа юм.
ОХУ-аас худалдаж авсан вагонуудын чанар, аюулгүй байдал, ашиглалтын хэвийн байдлыг тодорхойлуулж баталгаажуулахын тулд үйлдвэрлэсэн он нь өөр өөр 5 вагоныг сонгон авч эрх бүхий мэргэжлийн оношилгооны байгууллагаар вагоны ноён нуруу, завсарын дам нууруудад металлын төлөв байдлын судалгаа, хэв гажилтыг шалган металлын үлдэгдэл нөөц, ашиглалтын хугацааг оношилгоо хийлгэж тодорхойлуулсан юм.
Шинжээчдийн хийсэн судалгаа туршилтын дүгнэлтээр вагоны ноён нурууны болон тэнхлэгийн голуудын хэв гажилт ашиглалтын шаардлагыг бүрэн хангаж байснаас гадна эдгээр вагоны ачааллыг хүлээн авдаг үндсэн хийц ноён нурууны хэсгүүд нь цаашдаа 15,5-17,9 жил ачаалал дааж чадах нь батлагдсан байна. Мөн вагонуудын ноён нурууны гагнуураар /ширээлт/ залгагдсан даацын элементүүдийн ширээсийн чанар хэвийн байна гэж дүгнэсэн байна.
Энэ нь эдгээр вагонуудыг төмөр замын тээвэрт мөрдөж буй стандарт, нормын дагуу техникийн үечилсэн оношилгоо, засвар хийж ашиглах боломжтойг баталж байгаа юм.
ОХУ-аас худалдаж авсан 587 вагоныг тээвэрт ашиглаж эхэлснээс хойш ердөө хагас жил гаруйхны хугацаа өнгөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 05-ны байдлаар эдгээр хагас вагонууд худалдаж авсан үнэ, засварын өртөг зардлаа бүрэн нөхжээ. Эдгээр вагоныг худалдаж авч засварлахад нийтдээ 16,2 тэрбум төгрөг зарцуулсан бол тээвэрт явуулж ашигласнаар 1,4 сая тонн ачаа тээвэрлэж 16,9 тэрбум төгрөгийн орлогыг УБТЗ-ын дансанд төвлөрүүлжээ. Энэ нь худалдаж авсан үнэ, засварын зардлаа нөхөөд 700 сая шахам төгрөгийн орлого илүү оруулаад байна гэсэн үг. Цаашдаа УБТЗ-д орох орлого улам нэмэгдэнэ.
Ийнхүү ОХУ-аас 587 ачааны хагас вагон худалдаж авч өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж байгаа нь нь УБТЗ-д ашгаа өгөөд зогсохгүй Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд ач тусаа өгсөн алхам болж байна.
2017 онд УБТЗ экспортын тээврийн захиалгыг 46,8 хувь буюу 75026 вагоноор дутуу хангаж байсан бол 2018 оны эхний 4 сарын байдлаар вагоны хангалт 83,9 хувьд хүрсэн нь ОХУ-аас 587 вагон худалдан авсны үр дүн юм. Цаашдаа экспортын тээврийн захиалгыг бүрэн хангахын тулд үлдсэн 413 вагоныг зайлшгүй авах шаардлагатай байгаа юм. 2018 оны эхний 4 сарын байдлаар УБТЗ-аар үйлчлүүлэгч 101 байгууллага 33,575 вагоны захиалга ирүүлснээс 28,199 вагоноор хангаж, 5376 вагоны тээврийн орлого 9 тэрбум 130 сая төгрөг алджээ.
ОХУ-аас дээрх 587 вагоныг худалдаж авсан цагаас хойш янз бүрийн хэл ам гарах болсноос үүдэн нэн шаардлагатай байгаа хагас вагоныг худалдан авах ажиллагаа удааширсан юм. Үлдэгдэл 413 вагоны 78 нь Сүхбаатар өртөөнд орж ирсэн боловч тодорхойгүй шалтгаанаар холбогдох комиссын үзлэгийг хүлээж 2018 оны тавдугаар сарын 23-наас хойш тус өртөөний замыг эзлэн ашиглалтгүй өнөөг хүртэл зогсож байна.