“Айргаас ялгасан бактер өвчин үүсгэгчийг дарангуйлдаг”

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

“Айргаас ялгасан бактер өвчин үүсгэгчийг дарангуйлдаг”

“Айргаас ялгасан бактер өвчин үүсгэгчийг дарангуйлдаг”

Айргаас сүүн хүчлийн бактер ялган, эрүүл мэндэд тустай, эмчилгээний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны талаар МУИС-ийн ШУС-ийн биологийн тэнхмийн профессор Б.Батжаргалаас тодрууллаа.


-Сүүн хүчлийн бактер хүний биед ямар ашигтай вэ?

-Монголчууд сүү, сүүн  бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэж ирсэн. Исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь амьд тэжээл. Дотор нь маш олон төрлийн микро организм амьдардаг. Мөн түүний дийлэнх нь сүүн хүчлийн бактер байдаг. Сүүн хүчлийн бактер нь сүүний хүчил үүсгэж, сүүг ээдүүлдэг. Мөн дрожжиуд буюу хөрөнгөний мөөгнүүд агуулдаг. Хөрөнгөний мөөг нь спирт үүсгэдэг. Айраг их уувал согтдог нь дрожж, спирт агуулдагтай нь холбоотой. Эдгээр амьд биет нь хүний биед ороод ходоод гэдсэнд амьдрах чадвартай байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар хүний эсийн 47 хувь нь өөрийнх, 53 хувь нь өөр организмынх болох нь тогтоогдсон. Ходоод гэдсэнд амьдарч байгаа организмууд нь бидний идэж, ууж байгаа зүйлтэй салшгүй холбоотой. Монгол Улсад 1951 оноос хойш эсэглэн сүүний судалгаа хийж байгаа. Сүүлийн үед биологийн идэвхтэй нэгдлүүдийн талаар судалгааг идэвхтэй хийх болсон. Франц, БНСУ, Хятадтай хамтран ажилласны үр дүнд айраг, таргаас сүүн хүчлийн бактерийг ялгаж аваад, тэндээсээ эмчилгээний зориулалттай уураг нийлэгжүүлдэг бактерийг ялган авч байгаа. Эдгээр бактер нь тэжээлийн орчинд ургахдаа янз бүрийн өвчин үүсгэх организмыг дарангуйлах уураг ялгаруулдаг юм.

-Эдгээр бактерийг хэрхэн ашиглах вэ?

-Ялгаж авсан бактериудаа хүнсний бүтээгдэхүүн хадгалахад ашиглаж болно, мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглаж болно. Ингэснээр тухайн бүтээгдэхүүн нь эмчилгээний чанартай болж, янз бүрийн өвчний үед гэдсэнд үүссэн хортой организмыг устгах чадвартай болно. Монголчуудын хувьд маш олон зууны туршид айргийн хөрөнгөө хадгалж ирсэн. Энэ нөөцийг хэрхэн хадгалж, хамгаалах мөн хэрхэн илрүүлэх нь чухал ажил.

-Судалгаа хэзээ амьдрал хэрэгжих вэ?

-Эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Шар сүүнээс хөрөнгө гаргаж авсан. Мөн шар буурцгийн уургаас хөрөнгө гаргасан. Санхүүгийн асуудал шийдэгдвэл эдгээр судалгаагаа бүтээгдэхүүн болгон, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж