‘Өөрчлөлт шинэчлэлт 40 жил-Нэг бүс нэг зам” сэдэвт хамтарсан аяллын багийнхан өнөөдөр ӨМӨЗО-ны “И Ли” группийн үйл ажиллагаатай танилцлаа. ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа тус аяллын бүрэлдэхүүнд Хятадын олон улсын радио, Төв телевизийн Монгол хэлний редакц, Өвөр Монголын “Одон” телевиз, “Солонго” мэдээллийн төв, “Талын дуу хоолой” радио станц, Монгол Улсаас Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, МОНЦАМЭ агентлаг, “Өдрийн сонин”, FM 107.5 богино долгионы радио, “Зууны мэдээ” сонин, NEWS агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 40-өөд сэтгүүлч яваа юм.
1957 онд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлаа хоршооллын хэлбэрээр эхлүүлж байсан И Ли групп өнөөдөр Хятадын сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэгж болсон төдийгүй энэ салбар дахь Ази тивийн найман хүчирхэг компанийн нэгдүгээрт бичигдэж байна. Өнгөрөгч онд тус группийн нийт орлого 68 тэрбум 58 сая юаньд хүрч, Хятад улсын дотоодын аж үйлдвэрийн тэргүүлэх байранд жагсчээ. 2018 оны эхний улирлын үйл ажиллагааны орлого 19 тэрбум 753 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1 хувиар нэмэгдээд байгаа аж. Ашиглалтад ороод 10 гаруй жил болж байгаа энэ үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологиор иж бүрэн тоноглогджээ. Тус үйлдвэрт 18 суурь тоног төхөөрөмж ажиллаж байгаагийн ихэнх нь автомат. И Ли групп Хятадын баруун хойд бүс нутаг, умард бүс нутаг, зүүн хойдын бүс нутгийг хамрахаас гадна Европ, арлын орнууд, Америк руу бүтээгдэхүүнээ экспортолдог ажээ.
Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй И Ли групп 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн төрлөөр голлодог аж. Дэлхийн олон улс оронтой сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллахын зэрэгцээ дотоодоо сүү, сүүн бүтээгдэхүүний үндсэн сүлжээг байгуулжээ. Мөн хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө зүтгэдэг И Ли групп Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улсуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна.
И Ли групп 2018 онд хандивын үйл ажиллагаанд нийт 800 сая юанийн хөрөнгө оруулж, хуримтлагдсан татварын хэмжээ 37 тэрбум 750 сая юаньд хүрчээ. Мөн Хятад улсад “Ногоон аж ахуйн сүлжээ”-г хамгийн анх санаачилж, “Экологийн бүс”-ийг буй болгосон юм.
CCTV.com сүлжээний Монгол хэлний редакцийн сэтгүүлч Төмөрголт, Бүрэнбаяр нар мэдээлэв
Холбоотой мэдээ