Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн чухал ач холбогдолтой айлчлал болсон гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлээд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Жоу Юнканы айлчлал чухал ач холбогдолтой гэж тэмдэглэв.
Хүндэт зочин Жоу Юнкан хариу хэлсэн үгэндээ “Ерөнхий сайд С.Батболд таны удирдлагын дор Монгол Улс ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулан эдийн засгийн өсөлт гарч, үр өгөөжийг нь иргэд хүртэж, амьжиргаанд нь эерэгээр нөлөөлж байгаад баяр хүргэе. Монгол Улсын ололт, амжилтад БНХАУ сэтгэл хангалуун байна” гэлээ.
Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь харилцааг хөгжүүлэх чухал алхам. Цаашид дэд бүтэц, санхүү, эрдэс баялаг, хүмүүнлэг зэрэг салбарт тулгуурлан хамтран ажиллах нь чухал. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байна гэж тэрээр хэлэв.
БНХАУ болон Монгол Улс бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөр өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үздэг гэдгийг нарийн бичгийн дарга Жоу Юнкан онцлон тэмдэглээд сайн хөршийн хувьд Монголын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.
БНХАУ-ын тал мөн уул уурхай, газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хилийн боомтыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Санамж бичигт талууд Жоу Юнканы айлчлалын үеэр гарын үсэг зурах юм байна. Мөн 40 сая юаны буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.
Түүнчлэн хууль тогтоох байгууллага, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлж, залуучууд, улс төрийн нам, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцсон ажлуудаа эрчимжүүлэх тухай хөндлөө.
Хил дамнасан хууль бус худалдаа, терроризм, мансууруулах бодисын наймаа зэрэгтэй хамтран тэмцэе. Монгол Улс Зүүн хойд Ази, бүс нутагт томоохон үүрэг гүйцэтгэх учир олон улс, бүс нутгийн асуудлаар хамтран ажиллая гэж БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан хэлэв.
БНХАУ-ын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаад Ерөнхий сайд С.Батболд баяр хүргээд тус улсын хөгжил нь хөрш орнууд төдийгүй бүс нутгийн улсуудад хөгжлийн таатай боломж бүрдүүлж байгааг тэмдэглэв.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй тааламжтай үедээ байгаа учир энэ боломж, давуу талаа ашиглах нь чухал. Хамтын ажиллагаа бие биенээ нөхсөн, харилцан ашигтай байна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
Манай орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш БНХАУ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэсэнд тэрээр талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв.
БНХАУ-аас авч байгаа зээл, тусламжийг хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтэц, орон сууц, спорт гээд иргэд үр өгөөжийг нь хүртсэн төсөлд зарцуулж байгаа. Тухайлбал тус улсаас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг БНХАУ-ын Эксим банкинд хүргүүлсэн тухай Ерөнхий сайд дурдав.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулах ажлыг эрчимжүүлэх, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орноос газрын тосны бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгааг тэрээр хэллээ.
Өргөтгөсөн уулзалтын үеэр мөн батлан хамгаалах, хууль сахиулах байгууллага зэрэг бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.