УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд нийслэлийн есөн дүүргээс 1300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахдаа хариу нэхдэггүй ачтанууд юм. Тиймээс тэднийг баярлуулах, хамтдаа асуудлаа хэлэлцэх, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Жил ирэх тусам арга хэмжээнд оролцож байгаа эмэгтэйчүүдийн тоо, цар хүрээ өргөжиж байна” гэсэн юм. “Хариу нэхдэггүй буянтан” арга хэмжээ номын хэлэлцүүлэг, урлаг соёлын оддын тоглолт, дурсгалын зураг татуулах гэх мэтчилэн олон сонирхолтой арга хэмжээгээр үргэлжилсэн юм.
Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд “Монгол хатдын нууц товчоо” номыг бэлэглэж, энэхүү номоор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Жил бүр эхчүүд, эмэгтэйчүүдээ хүндэтгэн сайхан арга хэмжээ зохион байгуулдагт баярлаж, талархаж байгаагаа олон хүмүүс илэрхийлж байв.