УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, М.Билэгт, А.Ундраа нарын гишүүд Д.Гантулга, Д.Муратын асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн чуулганы хуралдаанаас өмнө УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Өнөөдрийн парламентад эрэгтэйчүүд давамгайлсан. Тийм учраас дээрх шийдвэр бидний эсрэг гарч магадгүй гэж бодож байсан. Бидний хэлснээр, нэг хүний саналаар унасан. Өнөө өглөө уг асуудлаар МАН-ын бүлгийн өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал тавьсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ дэмжээгүйг эсэргүүцэж, хориг тавьж өгнө үү гэсэн хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрөө УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн талаар хэвлэлийнхнээс сонслоо. Албан ёсоор МАН-ын бүлэг дээр ярих байх гэж бодож байна. Монгол төрөөр ингэж тоглож наадаж болохгүй. Айлын эрх дураараа хүүхдүүд Монголын төрд орж ирчихээд тоглож байдаг ч газар биш.
Бидний гол баримталж буй зарчим бол хүчирхийллийн гэмт хэргийг эсэргүүцэн мэдэгдэл хийж байгаа юм. Бид өмнө нь хэн нэгэн улстөрчийг идсэн, уусан, гэмт хэрэгт холбогдсон талаарх дам яриаг сонсож л байсан. Энэ бүхэнд эмэгтэй гишүүд сэтгэлийн хөдөлгөөнөөрөө элдэв мэдээлэл хийж улс төр хийж байгаагүй. Ялангуяа Монголын төрд 20 жил зүтгэхдээ би ийм тоглоомоор тоглож, попорч байсангүй. Аливаа асуудалд бодитой хандъя гэдэг зарчмаар л хандаж ирсэн. Дээрх хоёр гишүүн хууль шүүхээр гэм буруутай эсэхээ шалгуулах байтал үүний эсрэг зогсч, бидэнд сүр хүчийг харуулж байгаа нь өөрөө бүдүүлэг үйлдэл болсон. Бид хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг аливаа хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Эмэгтэй гишүүд бид дээрх асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж бодитой үйл ажиллагааг хийсэн гэж бодож байгаа. УИХ-д эмэгтэй гишүүд хэт цөөхүүлээ учраас аливаа асуудалд хүчин мөхөсддөг ч энэ удаад бидний тэмцэл, дуу хоолойг маш олон мянган ээж, эмэгтэй хүн дэмжиж байгааг мэдэрсэн. Цаашид төрд эмэгтэйчүүдийг дуу хоолой болох үүргээсээ бид буцахгүй.
УИХ-ын гишүүн Б. Саранчимэг:
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан ч гэсэн хүчирхийлэл хэвээр байгаад бид дуу хоолойгоо хүргэсээр байх болно. УИХ-ын гишүүн болон төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө ёсзүй болон нэр цэвэр байх ёстой. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар өөрсдийнхөө нэрийг цэвэрлэж, үнэн мөнөө хууль шүүхийн байгууллагаар тогтоолгох боломж олдож байна гэж харж байсан. Гэвч энэхүү боломжийг УИХ олгоогүйд харамсч байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Хүний олноор асуудлыг шийддэггүй гэдгийн илрэл болж чадсан гэж бодож байна. УИХ-ын 11 эмэгтэй гишүүн дуу хоолойгоо нэгтгэж анхнаасаа байр сууриндаа тууштай байсан. Бидний хийсэн улс төрийн тэмцэл маань эцсийн дүнд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өөрөө сайн дураараа гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх шийдвэрт хүргэсэн гэж бодож байна.