УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.06.11/ хуралдаж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Монгол банкны Хяналт шалгалт газрын хэлтсийн захирал Ё.Мөнхбат, Хадгаламж даатгалын корпорацийн захирал Х. Бум-Эрдэнэ зэрэг албаны хүмүүсийн мэдээлэл сонсч, санал солилцжээ.
Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж, МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчийг хувьчлах асуудлын талаар бүлгийн нэгдсэн дүгнэлтийг уг асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулахаар болжээ. Бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн бүлгийн хурлаар Татварын багц хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгүүд байгуулжээ.
Ш.ЧИМЭГ