Усан хөшгөнд "угаасан" 70 саяыг нэхье

Хуучирсан мэдээ: 2018.06.11-нд нийтлэгдсэн

Усан хөшгөнд "угаасан" 70 саяыг нэхье

Усан хөшгөнд "угаасан" 70 саяыг нэхье

Арслантай гүүрний усан хөшигний нээлтийг хийж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Б.Бадрал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын дарга асан Д.Энхсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайлчилж байсан нь одоогоос гурван жилийн өмнөх явдал. Уг ёслолын үеэр албаны хүмүүс ‘Усан хөшиг нь харахад энгийн мөртлөө тоосжилт, эрүүл ахуйд нөлөөлж байгаа бусад сөрөг зүйлүүдийг бага ч болов бууруулах ач холбогдолтой. Бид цаашид  цөөнгүй гүүрэнд усан хөшиг хийж тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна‘ гэж мэдээлснээс хойш Арслантай гүүрний усан хөшиг өнөөдөр улс төрийн үйл явдлууд дунд хэдийнэ мартагджээ.  2015 онд ашиглалтад орсон энэхүү усан хөшиг өнөөдөр ажиллах нь бүү хэл шугам хоолой нь эвдрээд удаж байна. Худалч хүнд бараг л ашиглалтад орсныхоо маргааш эвдэрсэн гэхэд буруудахгүй биз. Анх Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор энэхүү ажлыг захиалан хийлгэсэн байдаг.

Материалын зардал 13.9 сая, угсралтын зардал 5.8 сая, тээврийн зардал 4 сая, ашиглалтын зардал 27.4 сая гээд төсвийн 70 сая төгрөгийг ‘угаасан’ усан хөшигийг  ‘Хан-Урсгал” гэх компани  хийж гүйцэтгэсэн.

Харин өнөөдөр хотын үзэмжийг гутаасан хог болжээ.  ‘Хан-Урсгал’ компанийн өгсөн баталгаат хугацаа нь энэ жил дуусч байгаа гэнэ. Харамсалтай нь, баталгаат хугацаа нь дуусаагүй байхад барьсан  хөшиг нь эвдрээд удаж буй.

‘Анх  усан хөшиг нээгдлээ гэдгийг зурагтаар харж байсан. Тэрнээс хойш ажиллаж байхыг нь нүдээрээ харж байгаагүй. Бодвол шөнө ажилладаг юм байлгүй дээ. Ер нь усан хөшиг чинь орой цагаар ажиллах ёстой. Гэрэл чийдэнгүүд нь асаад гоё байдаг биз дээ. Миний мэдэхийн Арслантай гүүрний усан хөшиг ажиллаж байгаагүй ээ. Нээгдсэнийхээ дараа хүний сонирхол татах үүднээс ажиллаж байсан байх. Тэрнээс хойш ерөөсөө ажиллаж байгаагүй шүү. Одоо энийг хариуцдаг хүн байдаггүй байх. Тухайн үед хийж байсан хүмүүс нь бүгд алга болоо биз дээ. 70 сая төгрөг зарцуулсан учраас засаад ажиллуулах хэрэгтэй. Уг ажиллаад байж байвал энэ хавийн агаарыг чийглээд энэ гүүрээр явдаг хүмүүст маш хэрэгтэй юм’ гэдгийг Түргэний хоолны мухлагийн тогооч Р. Лхамаа хэлж байна. Оршин суугчдын хувьд усан хөшгийг ажиллуулах талаар  хийсэн компанитай нь хариуцлага тооцох ёстойг сануулж байсан юм.

Шугам хоолой нь эвдэрч гэмтсэн, зэвэрсэн хөөрхийлөлтэй дүр зургийг харахад үнэхээр  70 сая төгрөгөөр хийсэн үү  гэсэн эргэлзээ төрж байна. Уг нь Сөүлийн хан мөрөн дээрх “Bampo” гүүрэнд байрлах усан хөшгийг дуурайлган хийсэн гэх боловч анхнаасаа л ажлаа ‘шог’ хийсэн нь гэрэл зурагт ч буусан. Ажиллахаа байсан усан хөшигний усыг тусгайлан бэлтгэсэн цоргоор буцааж гол руу гоожуулах үндсэн системтэй байжээ. Гэвч, хийсэн, хийлгэсэн хоёрын ажил хогондоо дарагдаж,  татвар төлөгчийн  70 сая төгрөгийг зүгээр л салхинд хийсгээд өнгөрсөнийг нь Арслантай гүүрээр явах хэн бүхний нүдэнд илхэн. 

 ЭМШУҮИС-ийн 2-р курсийн оюутан С. Мандах ярихдаа усан хөшигийг нээснээс нь хойш ажиллаж байхыг огт хараагүй гэв. Уг нь усан хөшиг ажиллавал нийслэлийн өнгө үзэмжил эерэгээр нөлөөлнө гэдгийг ч хэлж байлаа.  Энэхүү усан хөшгийг захиалсан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тодруулга авах гэсэн боловч, усан оргилуур хариуцсан мэргэжилтэн нь амралтаа аваад явсан, хариуцсан гол хүмүүс нь сонгуулиар солигдоод алга болсон тул  мэдэх хүн байсангүй. Тухайн үед хийж гүйцэтгэсэн компанийн хүмүүстэй мөн холбогдох гэсэн боловч тодорхой хариу хэлсэнгүй. Ингээд 70 сая төгрөгийг ‘урсгасан’ усан хөшиг хэзээ ажиллах вэ гэсэн асуулт хариулт нэхсээр л. Эвдэрсэн усан хөшиг эзнээ хүлээсээр л.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж