УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж авч үлдсэн. Энэ асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийлж, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байсан юм. Гэвч олонхын саналаар тэд үлдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Ийм шившигтэй явдал Монгол Улсын парламентын түүхэнд гарлаа. Ийм асуудал хэлэлцэхийн оронд бид өөр олон чухал асуудал хэлэлцэх боломж байсан. Нэгэнт ийм үйлдэл хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас эмэгтэй гишүүдийн зүгээс байр сууриа нэгтгэж, түдгэлзүүлэх асуудлыг хөндөж ирсэн. Гэвч УИХ-ын гишүүдийн олонх нь тэднийг авч үлдэх санал өглөө. УИХ-ын гишүүн өөрийнхөө төлөө болон өөрт байгаа ашиг сонирхолтой асуудлаар санал өгөх нь ямар нэгэн хуульчлагдсан дүрэм байхгүй. Гагцхүү маш олон тохиолдолд ёс зүйтэй хандаж, санал өгөхөөс татгалзсан тохиолдлууд олон бий. Би гэхэд өөрийнхөө дүүг Элчин сайдаар томилогдохоор яригдаж байхад нь санал хураалтад оролцохгүй гээд картаа аваад гарч байсан. Энэ бол тухайн хүний ёс зүйн илрэл юм гэж бодож байна. Эмэгтэй гишүүдийн зүгээс нэгдэж, эцсийг нь хүртэл тууштай тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-УИХ-аас Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэрээ гаргачихлаа. Уг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “түдгэлзүүлнэ” гэсэн санал дээр 100 хувь нэгдсэн. Энэ санал дүгнэлтээ УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулаад явсан. Биднийг ийм санал гаргасаар байтал УИХ дээр унагачихлаа. Одоо энэ асуудлаар УИХ-ыг удирдаж байгаа хүмүүсээс нь асуу. Дэд хороон дээр бид түдгэлзүүлэх ёстой гэсэн саналаа гаргасан нь үнэн. Одоо надад энэ асуудлаар хэлэх зүйл алга.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Эмэгтэй гишүүдийн бүлгийг Д.Оюунхорол гишүүн ахалдаг. Бидний хувьд нийгэм, гэр бүлийн амьдрал, хүүхдийн эрх гэх мэт асуудал дээр санал нэг байх нь ойлгомжтой. Ер нь парламентын жендерийн тэгш байдлын асуудлыг хангах шаардлагатай байгаа юм. Бид дандаа цөөнх болж, хүний амьдралтай холбоотой асуудлуудыг шийдэж чадахгүй мөхөсдөж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар эмэгтэй гишүүд хоёр хуваагдчхаад байна. Хурал хэвлэлийнхэнд нээлттэй явагдахаар Д.Мурат, Д.Гантулга нарын асуудлыг үнэн зөвөөр тогтоох ёстой. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой гэчхээд яг хаалттай санал хураалт явагдахаар тэднийг хаацайлсан санал өгч байна. Ингэж хоёр нүүр гаргах хэрэггүй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нэг л ярьсан бол ярьсандаа, зарчим бол зарчим байх ёстой. Анхнаасаа би Д.Мурат, Д.Гантулга нарыг түдгэлзүүлэх ёстой гэсэн санал өгсөн. Байр сууриа ч илэрхийлсэн. Тийм ч учраас асуудал үүсч магадгүй гэж бодоод “дэмжихгүй” гэсэн санал өгөөд, хажуудах гишүүндээ харуулсан. Би эмэгтэй гишүүд бүгд ийм санал өгсөн гэдэгт итгэлтэй байна. УИХ-аас гаргасан энэ шийдвэрт их ичиж байгаа. Чуулган руу ийм асуудал оруулж байгаа нь ч буруу. Өчнөөн чухал асуудал байгаа ш тээ. Бүлгээрээ нэгдсэн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй ёстой байсан. Чуулган хэзээ шөнийн 23:00 цаг хүртэл хуралддаг болчихсон юм. Ер нь энэ гишүүд ийм эрх ашгийн зөрчилтэй асуудалд саналаа өгөөд байгаа нь буруу. Ганц энэ ч биш. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс саналаа шууд өгч байгаа нь буруу жишиг юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-УИХ өөрийнхөө дэг журмын дагуу л ажиллана. Хоёр гишүүний асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулсан. Явж явж, хувь хүний амьдралын асуудал чухал. Заавал нэг хүн дээр улайраад байх хэрэггүй. Ялангуяа Д.Гантулгыг онцолж яриад байна. Тэгш хандах ёстой. Үндэслэлтэй нотлох баримт байгаа эсэхийг нь лавлах ёстой гэж харсан. Мэдээж, хоёр гишүүн ёсзүйн хувьд асуудлаа шийдээд явах ёстой. Гишүүд өөрийнхөө үзэл бодлоор л саналаа өгсөн болов уу. Энэ асуудлыг намын талцал гэхээсээ илүү хүн ёсныхоо үүднээс, хууль зүйн үүднээс гишүүд асуудалд хандсан байх. Үнэхээр хүчингийн хэрэг үйлдсэн бол онцгүй хэрэг. Гол нь УИХ-ын гишүүнд санал өгөх эрхийг нь бид тулгаж болохгүй. Хувь хүн өөрийнхөө үзэл бодлоор л асуудалд хандсан байх. Хүнд шууд тулгаад, хэрэг хийгээгүй гээд байхад нь дайраад байгаа нь зохисгүй. Д.Гантулгыг нүдийг нь ухчих гээд, дээр дооргүй доромжлоод байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөөрөө байр сууриа илэрхийлж саналаа өгсөн байх. Мөн яагаад ийм асуудал хэлэлцэхээр болов, цаашид энэ асуудал юунаас болсон талаар өөр өөрсдийн дүгнэлтээ хийсэн байх. Цаашид ийм байдалд орохгүйн тулд Дэгийн тухай хууль болон бусад хуулиудад тодорхой өөрчлөлтүүд оруулах ёстой байх. Ерөнхий прокурорын зүгээс ‘Энэ хоёр гишүүний асуудлыг ингээд орхих биш хуулийн дагуу бүх асуудлыг шийдэж эцэслэнэ УИХ шүүхийн процесст нөлөөлсөн шийдвэр гаргаагүй, хуулийн дагуу шалгана’ гэдгээ Байнгын хорооны хурал дээр хэлсэн. Уг нь бол тухайн хоёр гишүүн хувь гишүүний хувьд өөрсдөө түдгэлзэх эсвэл татгалзаад энэ асуудлаа шийдүүлж, хуулийн байгууллагаар эцэслэх ёстой байсан байх гэж бодож байна.
Ш.Чимэг