Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард Петербургийн эдийн засгийн чуулганд оролцох байсан уулзалтаа гэнэт цуцалсан нь ОХУ-ын талд тааламжгүй уур амьсгал төрүүлсэн тухай мэдээлэл дуулиан дагуулаад буй. Учир нь, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Дэлгэрмаагаас энэ асуудлыг хөндсөн тайлан ирүүлсэн гэх мэдээлэл бий. Тиймээс Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс дараах тодруулгыг хийлээ.
-Ерөнхий сайд Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтыг ямар шалтгааны улмаас цуцалсан юм бол, танд тодорхой мэдээлэл бий болов уу. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн тайланд дурдсан мэдээлэл амралтын өдрүүдэд олон нийтэд ил болсон. Түүнд дурдсанаар ОХУ нэлээд бэлтгэл хангаж байсан ч харамсалтай нь, манай тал оролцоогүй гэх?
-Хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл яваад байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоо түр хойшлуулсан нь нэгдүгээрт, ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэж амжаагүй, бүтцийн өөрчлөлт нь дуусаагүй байсантай холбоотой. Хоёрдугаарт, Ерөнхий сайд илүү өргөн оролцоотой асуудал шийдэх хүрээнд айлчлал хийх эрмэлзэлтэй байсан. 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүн нараас ОХУ-д албан ёсны айлчлал хийгээгүй. Тиймээс Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ давхар айлчлал хийхийг зорьсон юм. Цаг үе нь боломжгүй байсан тул Оросын талтай ярилцаж байгаад энэ оны сүүлээр айлчлахаар болсон. Форумыг цуцалсанд ноцтой шалтгаан байхгүй, учир байдлаа тайлбарласан.
Санкт-Петербург хотноо болдог эдийн засгийн форум бол ОХУ-ын хувьд Европын орнуудтай эдийн засгийн харилцаагаа сайжруулах, Европын холбооны улсын компаниудтай гэрээ хэлэлцээр байгуулж, бизнесээ өргөтгөх агуулгатай юм.
-Ер нь эдийн засгийн форумд оролцохгүй гэдгээ хугацааг нь тулгаад цуцалж болдог уу. Хоёр орны хооронд асуудал үүслээ гэдэг зүйл яригдаад байна?
-ОХУ-аас Ерөнхий сайдад ирүүлсэн урилгыг тавдугаар сарын 8-нд буюу форумыг нэлээн дөхүүлж байж авсан. Албан ёсоор бид дипломат шугамаар хариугаа өгсөн. Ямар ч асуудал үүсээгүй, Монголын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хооронд тийм үл ойлголцол үүссэн асуудал гараагүй.
-Элчин сайд Б.Дэлгэрмаагийн Гадаад харилцааны яаманд илгээсэн протокол захидал хэлбэрээр олон нийтэд ил болов уу гэдэг зүйл яригдаад байна
-Тийм юм байхгүй.
Г.ДАРЬ