Монгол Улсад хоол тэжээлийн тулгамдаж буй асуудлын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагаас тодрууллаа.
-Монголчуудын хоол тэжээлийн баталгаат байдал өнөөдөр хэр алдагдсан бэ?
-Монголын хүн амын хоол тэжээлийн судалгааг 2016-2017 онд хийсэн. Судалгаанд 21 аймгийн 94 сум, нийслэлийн найман дүүргийн 150 судалгааны нэгжийг хамруулсан. Судалгаагаар зургаан бүлэг асуудлыг авч үзсэн. Судалгааны дүнгээс харахад тав хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт 26 хувьтай, өсөлт хоцрогдол найман хувьтай байна. Мөн 10 хүүхэд тутмын зургаа нь “Д” амин дэмийн дутагдалтай, 28 хувь нь “Д” амин дэмийн нөөц багатай байсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн таван хүн тутмын нэг нь цус багадалттай байсан. Эндээс дүгнэхэд өрхийн хүнсний баталгаат байдал алдагдсан байна.
-Хүнсний аюулгүй байдал алдагдсан гэлээ. Иргэд өөрсдөө ч энэ асуудалд болгоомжтой хандах ёстой байх аа?
-Судалгаанд хамрагдсан иргэдийн 65 хувийнх нь хүнсний баталгаат байдал алдагдсан байсан. Хүнсний баталгаат байдал гэдэгт шим тэжээллэг, амин дэм, эрдсээр баялаг хүнсийг тогтмол хэрэглэх юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн 65 хувь нь баталгаагүй хүнс хэрэглэж байна. Хүн 12 нэр төрлийн бүтээгдэхүүн өдөрт хэрэглэх ёстой ч энэ нь бага гэсэн үг. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүн гурил, мах, будааг түлхүү хэрэглэж байна. Энэ байдалд төр засаг анхаарч, зохих бодлого боловсруулах хэрэгтэй байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа сонголтдоо анхаарах хэрэгтэй байна. Хийжүүлсэн ундаа, чипс авч өгөлгүйгээр сүүн ундаа, цагаан идээ, амин дэмээр баялаг зүйл авч өгөх хэрэгтэй. Гэр бүлээрээ цуглаад түргэн хоол иддэг баймааргүй байна.
-Жирийн иргэд өдөр бүр 12 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй. Үүнээс хэдэн төрлийг нь зайлшгүй хэрэглэж байж өдрийн илчлэгээ бүрэн хангах вэ?
-Насанд хүрсэн хүн хоол хүнсээр дамжуулан хоногт 2400 Ккал илчлэг авах ёстой. Тиймээс доод тал нь таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх хэрэгтэй. Нэн тэргүүнд таны идэж байгаа хоолонд мах махан бүтээгдэхүүн, үр тариа, сүү цагаан идээ, жимс, хүнсний ногоо зайлшгүй орсон байх ёстой.
-Ингэж хооллохдоо бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хуваарилах вэ?
-Таны идэж байгаа хоолны 50 хувь нь ногоо байх ёстой. Мөн 25 хувь нь мах, үлдсэн хувь нь үр тариан бүтээгдэхүүн байвал зохимжтой.
Р.Ренчиндулам