Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь Их Дуулга болох Францын нээлттэй тэмцээн хоёр долоо хоногийн турш Францын нийслэл Парис хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд “шороон кортны хаан” Испани эрхэм Рафаэл Надал түрүүлж тус тэмцээний 11 түрүүгээ хүртлээ.
Р.Надал аваргын төлөө Австрийн залуу теннисчин Д.Тимтэй тоглож 3 сетэд 6-4, 6-3, 6-2 харьцаатай буулгаж авсан юм. Р.Надал Францын нээлттэй тэмцээнд 2005 онд анх түрүүлснээс хойш 2018 он хүртэл 11 удаа түрүүлсэн бөгөөд 2009 онд Р.Федерер, 2015 онд С.Вавринка, 2016 онд Н.Жоковичид л түрүүгээ алдаж байжээ. Тэгвэл түүнтэй өрсөлдсөн 24 настай Австри теннисчин карьертаа анх удаагаа Их Дуулга тэмцээний финалд шалгарч байгаа нь энэ ажээ.
Испани теннисчин Р.Надал энэ он гарсаар форм сайтай байгаа бөгөөд ялангуяа шороон кортонд өөрийгөө шилдэг гэдгээ батлан харуулж АТР Мастерс ангиллын Монте-Карло болон Италийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол Мадридын нээлттэй тэмцээнд хагас шигшээд Д.Тимд ганцхан хожигдоод байсан. Тэгвэл Парист залуу теннисчин Д.Тимээс хариугаа авч аваргын цомоо хүртэж байна.
Б.БЯМБАБАЯР