Хүнсний бүтээгдэхүүнд хордсон иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Орхон аймаг дахь Монгол, Туркийн хамтарсан сургуульд энэ сарын эхэнд хоолны хордлого гарч, 47 хүн хордсон. Харин энэ амралтын өдөр Багануур дүүрэгт байрлах “Ноён тур” амралтын газраар үйлчлүүлсэн хүмүүс хордлогод орлоо гэх мэдээлэл тус дүүргийн цагдаагийн газарт иржээ. Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу шалгалт хийхэд “Багануур” хувьцаат компани 40 жилийн ойгоо “Ноён тур” амралтын газарт энэ сарын 6-нд тэмдэглэж, 27-79 насны 72 хүн оролцжээ. Улмаар үйл ажиллагаанд оролцсон иргэдэд энэ сарын 8-наас эхлэн гэдэс өвдөж гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Тэдний хоёр нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд, 14 нь Багануур дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Одоогоор “Ноён тур” амралтын газрын үйл ажиллагааг түр хаагаад байгаад бөгөөд шалгалтын багийнхан урьдчилсан байдлаар “Барс” худалдааны төвөөс худалдан авсан жимснээс болж хордлого гарсан байж болзошгүй хэмээн таамаглаад байгаа юм. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Хүнсний бүтээгдэхүүний хэдэн хувь нь гаднаас орж ирдэг вэ. Тэдгээр бүтээгдэхүүнийг хилээр орж ирэхэд нь ямар шалгалт хийдэг вэ. Хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавихад үүсч буй хүндрэл юу байна вэ?
-Монгол Улсад 2012 оноос эхлэн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аюулгүй байдлын хууль сайжирсан. Хүнсний бүтээгдэхүүний дотоод дахь үйлдвэрлэл дөрөв дахин нэмэгдэж, 50 хувийг дотооддоо хангаж байгаа. Монголд хүнсний гол нэр төрлийн 12 бараа байдаг. Үүний 7-8-ыг дотоодоосоо хангадаг. Харин ургамлын тос, цагаан будаа, жимс жимсгэнэ зэрэг цөөн хэдэн барааг 80-100 хувь гаднаас оруулж ирдэг. Хилээр орж ирж байгаа барааны хяналтыг сайжруулахын тулд лабораторийн хүчин чадлаа сайжруулахад анхаарч байгаа. Тухайлбал, хилээр орж ирж байгаа бараанд түргэвчилсэн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Үүнд хөрөнгө мөнгө дутагдаж байгаа.
-Сургууль, цэцэрлэгтээ явж байсан 300 гаруй хүүхэд хоолноос хордсон. Энэ нь юунаас болж байна вэ?
-Хүнсний аюулгүй байдал нь олон зүйлээс хамаардаг. Сүүлд гарч буй хордлого нь эрүүл ахуйтай холбоотой байсан. Хоол боловсруулж байгаа хүний ариун цэвэр, эрүүл ахуйгаас үүдэж хордлого гарч байна. Хамгийн сүүлд Орхон аймагт гарсан хордлого нь гарын ариун цэвэртэй холбоотой байсан. Бүтээгдэхүүний аюулгүй байдлаас болоогүй. Тиймээс сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа тогооч нар эрүүл ахуйн зөрчил үүсгэж байна.
-“Барс” захаас худалдан авсан жимснээс болж олон хүн хордсон. Лаборатори дутагдалтай байдгаас болоод импортын бүтээгдэхүүн бүрт шалгалт хийж чаддаггүй юм биш үү. Хүнсний бүтээгдэхүүнийг хилээр орж ирэхэд нь яг ямар шинжилгээ авдаг вэ?
-Хүний ногоонд хүн хордсон талаарх мэдээлэл манайд ирээгүй байна. Улсын хэмжээнд 10 гаруй лаборатори байдаг. Мөн итгэмжлэгдсэн нэг лаборатори бий. Бага эрсдэлтэй барааг гаалийн хяналт шалгалтаас 100 хувь чөлөөлсөн байдаг. Үүний дагуу 300 гаруй бүтээгдэхүүнийг хилээр шалгалтгүй оруулдаг. Харин их эрсдэлтэй буюу 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бичиг баримтын болон биечлэн шалгалт хийдэг.
-Биечлэн шалгалт хийхээс гадна шинжилгээ хийдэггүй юм уу. Шинжилгээ хийхэд хэдэн цаг зарцуулдаг вэ?
-Химийн болон чанар аюулгүй байдлын шинжилгээ хийдэг. Шинжилгээний хариу тухайн бүтээгдэхүүнээсээ хамаарч 48-72 цагийн дотор гардаг.
Р.Ренчиндулам