Бараг л “ШХАБ-ын гишүүн болох”, “Бараг л хийн хоолойг Монголоор дайруулах” шахлаа шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтад анх удаа оролцлоо. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар дөрөв дэх удаагаа уулзаж байгаа ч Х.Баттулгын хувьд анх удаагаа энэ уулзалтад оролцож буйг нь уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцолж талархал илэрхийлсэн.
Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ хоёр жилийн өмнө байгуулсан Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн баримт бичгийн бодит хэрэгжилтийг шаардсан өнгө аястайгаар эхлүүлсэн нь анхаарал татлаа. Тухайлбал, “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт ойрын хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай. Хамтарсан механизм бий болж байж гурван талын хооронд уулзалт, мэдээлэл солилцоо идэвхжинэ” гэдгийг санууллаа. Мөн Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд хурдны авто зам барихад гурван улсын Засгийн газрын оролцоог шууд, тэгш хэлбэрээр хангаж, төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх санал дэвшүүлж гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой” гэсэн юм.
Дараагийн санал нь 2019 онд болох “Silk Way” авто замын уралдааныг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх асуудалд хоёр хөршийн тэргүүн анхаарал хандуулж өгнө үү гэж хүслээ. Мөн “уламжлал ёсоор Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Эдгээрээс “Байгалийн хийн хоолойг дайруулах” тал дээр хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд байр сууриа илэрхийлэхдээ бараг л “хэн нь ч татгалзаагүй” гэдгээ хэлчихлээ. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүмүүс 2016 оны сүүлээр Бээжин хотноо БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны төлөөлөл “Хэрэв Оросын тал зөвшөөрвөл хийн хоолойг Монголын нутгаар дайруулахад татгалзах зүйлгүй” гэж ярьж байсныг энэ оны дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар тус улсад айлчилсан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр баталгаажуулсан хариу дуулдсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ “Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байна. Гэхдээ “Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулахад нарийвчилсан судалгаа хэрэгтэй” гэсэн нь уламжлалт, найрсаг, татгалзсан хариу нь юм. Эндээс харахад бараг л “байгалийн хийг Монголоор дамжуулахаар тохирчихоод иржээ” гэмээр байгаа биз.
Төмөр замын тухайд “УБТЗ” ХНН-ийн одоогийн дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд 260 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай хөндсөн. Сонирхолтой нь энэ удаад БНХАУ-ын ‘Бүс ба Зам’ санаачилгыг ШХАБ-д шинээр элссэн Энэтхэг улс дэмжихээс татгалзсан нь анхаарал татаж байна. Тэгэхээр “Бүс ба Зам”-аас татгалзсан улс ШХАБ “дотор” яаж амьдардагийг цаашид анхааралтай ажиглахад гэмгүй. Нэмж хэлэхэд ШХАБ-ын үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахдаа Энэтхэг улсад зочилно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.
Хамгийн их анхаарал татаж байсан Монгол Улс ШХАБ-ын гишүүнээр элсэх эсэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэхээс “илүүг хэлэх” боломж хязгаарлагдмал байв. Хөршүүдийн тухайд, Монгол Улс ШХАБ-д элсэхийг хэтрүүлж хэлбэл тэсэн ядан хүлээж байгаагаа нуухгүй байгаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзахдаа ШХАБ-ын асуудлаар голлон санал солилцсон. Энэ үеэр А.Г. Лукашенко “Монгол Улс их урт хугацаанд ажиглагч байсан, ийм хашир байх нь зөв. Манай улсын хувьд ажиглагчаар ороод удаагүй байна. Гэхдээ миний бодлоор Монгол Улс ШХАБ-д элслээ гэхэд алдах юм байхгүй, харин ч эдийн засгийн хувьд авах юм их байгаа” гэсэн байдаг.
Товчхондоо Монголын төр энэ асуудлаар хэлэлцэж байгаа гэсэн төвийг сахисан хариулттай очсон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн ШХАБ-ын чуулганд үүргээ сайн биелүүлж оролцоод ирсэн гэж хэлж болно. Геополитикийн гол орон гэдгээ дахин мэдрээд ирэх нь түүний хувьд ШХАБ-ын гишүүн орны төлөөлөгчидтэй гэрэл зурагаа хаана, ямар байрлалтай авахуулахаас илүү чухал үүрэг, ач холбогдолтой байсан гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй болов уу.