Японы ‘Mainichi’ сонинд Японы эрх баригчид Хойд Солонгосын талтай энэ долоо хоногт буюу зургадугаар 14,15-нд Монгол Улсад зохиогдох ‘Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ’ форумд оролцож, хэлэлцээ хийх тухай бичжээ.
Тодруулбал, Японы ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээ хийхийг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хойд Солонгосын удирдагчтай нүүр тулан уулзаж, хулгайлагдсан иргэдийг нь нэн даруй буцаахыг шаардах хүсэлтээ ерөнхийлөгч Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр илэрхийлсэн юм. 1970-1980 оны үед Хойдууд тагнуулчдадаа япон хэл, соёлд сургах зорилгоор Японы 13 иргэнийг хулгайлсан гэдэг. Япон улсын засаг захиргаа эдгээр 13 иргэнийг эх оронд нь эргүүлэн авчрахыг хүсч байгаа юм.
Форумоор энэ асуудал хөндөгдөх бөгөөд Япон улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Хойд Солонгосын ‘Зэвсэгт мөргөлдөөн, энх тайвны институт’-ийн төлөөлөгч нартай уулзахаар болсон байна. Тус форумд Японы талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Шотаро Яки, Кэнжи Канасуги нар оролцоно. ‘Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ’ тавдугаар бага хурал зургадугаар сарын 14-15-ны өдрүүдэд болно.
Мөн тус сонинд бичсэнээр Ким Жон Унийн зүгээс ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сард зохиогдох эдийн засгийн форумд оролцон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж магадгүй талаар онцолсон байна. Японы ерөнхий сайд ч мөн энэ боломжийг алдахыг хүсэхгүй байгаа учраас Хойд Солонгосын удирдагчтай Пеньян эсвэл Токиод биечлэн уулзаж магадгүй гэжээ.