Монгол Улсад үндэсний гадаад хэлний мэргэжилтэнг бэлтгээд дал гаруй жил болжээ. 90-ээд оноос зах зээлийн эрэлтийг дагаж, гадаад хэлний мэргэжлээр олон мэргэжилтэнг бэлтгэн төгсгөсөн нь гадаадын олон оронтой өргөнөөр харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэвшилтэт техник, технологийг нутагшуулах өргөн боломжийг нээжээ. Эдүгээ орчуулагч, хэлмэрч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх, мөн эх хэлнийхээ дархлааг бэхжүүлэх зэрэг нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Орчуулагч, хэлмэрч мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн боловсролын сургалт явуулах эрхтэй “Монголын орчуулагч, хэлмэрчдийн мэргэжлийн боловсролын төв” үйл ажиллагаагаа эхлүүлэн, манай оронд анх удаа орчуулагч, хэлмэрчийг мэргэшүүлэх, давтан сургах албан ёсны ахисан түвшний сургалтыг явуулж эхэллээ. Уг төвд манай улсын орчуулгын мэргэжлийн шилдэг эрдэмтэн багш нар ажиллах бөгөөд монгол хэлний найруулгазүй, хэлмэрчлэхүй ба бичгийн орчуулгын онол, дадлагын хичээл заах юм. Манай улсын төр, засгийн болон хувийн хэвшлийн гадаад харилцааны албаны мэргэжилтнүүд орчуулах ба хэлмэрчлэх чадавхиа дээшлүүлэх, чадваржуулах өргөн боломж ийнхүү нээгдэж байгаа юм. Сургалтын чанарыг хангуулах зорилгоор цөөн тооны суралцагчдыг ахисан түвшний хөтөлбөрийн дагуу өндөр шаардлагатай сургана. Мэдээлэл авах Хаяг: www.montipec.mn юм байна.
О.БАЯР
Холбоотой мэдээ